Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Үнийн өсөлт аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.6 хувьтай байсан.
Тэгэхээр инфляцын түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулсан тооцооллоор 14.5 хувьтай буюу аравдугаар сарынхтай адил байгаа ч сарын өмнөхөөс 1.1 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг.
Нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна.
Инфляц 2022 оны арваннэгдүгээр сард 14.5 нэгж хувь гарсны 7.4 (51.1%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор энэ сарын 15-23-ны өдрүүдэд хуралдаж, 2022 оны сүүлийн шийдвэрээ гаргах ёстой.
Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;
Банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэр гарах үед жилийн инфляц наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гараад байсан.
Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын хурлаараа "Цаашид мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )