Энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4%-д хүргэж нэмэгдүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

2022 оны эдийн засгийн  өсөлтийн төлөвийг 4 хувьд хүргэж нэмэгдүүлснээ Төв банкнаас мэдэгдлээ.

Дотоод эдийн засгийн хувьд идэвхжил хүлээлтээс давж, энэ оны эхний 3 улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар тэлээд байна. Нүүрсний экспорт сэргэж, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг нь уул уурхай, тээвэр, барилгын салбарын өсөлтийг тэтгэлээ.  Дотоод эрэлт нэмэгдэж, өрхийн хэрэглээ сүүлийн 4 улирал дараалан тогтвортой өслөө.

Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бодит ДНБ 10 улирлын дараа цар тахлын өмнөх үе болох 2019 оны түвшнийг давлаа. Энэ нь цар тахал болон геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн хугацааны алдагдал үүсгэснийг харуулж байна гэв.

Хөдөлмөрийн зах зээлийн хувьд эерэг өөрчлөлтүүд давамгайлж байгаа нь өрхийн хэрэглээ тогтвортой өсөхөд дэмжлэг болж байна. Ийнхүү эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл өндөр гарсантай уялдуулан 2022 оны өсөлтийн төлөвийг 4 хувьд хүргэж нэмэгдүүллээ.

Гэхдээ эдийн засгийн цаашдын төлөв БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодитой орж ирэх орлого, инфляц зэргээс ихээхэн хамаарахаар байгааг тодотголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top