Валютын зах зээл ТОГТВОРЖСОН & БҮРЭН ТОГТВОРЖООГҮЙ

2023 оны 01 сарын 06

 

Гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрч,  өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар буюу 464 сая ам.доллароор өссөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ, "Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо" хэмээн тодотгосон. 

Засгийн газраас өгсөн мэдээлэлд, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу Толгой ХХК нь нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төв банканд арилжаалсан нь тогтоолоор хүлээсэн валютын орлогыг төвлөрүүлэх үүргийг амжилттай биелүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.8 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулсан. 

Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар нэмэгдлээ. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл тогтворжиж байгаа бөгөөд улмаар инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлж байна. 

Цаашид, төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа" гэсэн юм. 

Засгийн зүгээс ийн мэдэгдэж буй бол Төв банкны байр суурийг хүргэе.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжин энэ жилийн хувьд гадаад валютын албан нөөцөд ямар эерэг хүлээлт байгаа талаар болон валютын нөөцөөс хэд орчим ам.долларын өр төлбөр төлөхөөр байгаа вэ гэдэгт дараах хариултыг өгч байна. 

"Манай улсын гадаад валютын нөөц 2022 оны эхний хагаст эрчимтэй буурсан. Харин 2022 оны хоёрдугаар хагасаас эхлээд экспорт нэмэгдэж, гадаад валютын орох урсгал сайжирсан. Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн валютын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн.

Мөн “Оюутолгой” компани Монгол Улсад оруулж ирэх валютын хэмжээгээ 2022 оны 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн. Эдгээр эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад валютын нийт нөөц 3 тэрбум 392 сая ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 460 орчим сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм.

2023 оны тухайд тодорхой бус байдал мөн л өндөр байгаа. Бидний төсөөлж байгаагаар нүүрсний экспорт сэргэж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрлээ. Дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэснээр зөвхөн авто замаар биш төмөр замаар мөн экспорт хийх боломжтой болсон нь экспортын гарцыг өсгөх нэг боломж болж байна. Мөн 2023 оны 1 дүгээр улирлын төгсгөл, 2 дугаар улирлын эхээр Оюу толгойн далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй байгаа. Энэхүү далд уурхай ажиллаж эхэлснээр манай улсын зэсийн экспорт нэмэгдэж, оргил үедээ жилд 450 орчим мянган тонн зэс олборлох тооцоотой байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023, 2024 онд “Оюутолгой” компанийн мэдээлснээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал төдийлөн буурахгүй. Тэгэхээр бидний 2023 оныг харж байгаа төсөөллөөр, хэрэв манай экспорт тасралтгүй сайжраад, Хятад улс хилээ бүрэн нээгээд, мөн түүхий эдийн үнэ өндөр байвал 2020 оны түвшнээс эдийн засаг харьцангуй дээшлэн, өөдрөг байна гэж төсөөлж байна.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улсын валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрлээ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын өрийг дарах нөөц, боломж бол бүрдсэн. 

Гэхдээ 2023 онд төлбөрийн тэнцэл алдагдалтай байхаар төсөөлж байна. Ийм үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогоор энэ өрийг дахин санхүүжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд УИХ-аас гадаад өрийн стратегийг баталсан. Энэхүү стратегийн хүрээнд ч бондын төлбөрийг дахин санхүүжүүлж явна гэсэн төсөөлөлтэй байна. 

Өөр хүлээгдэж буй том төлбөрийн тухайд Монголбанкны Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг, юанийн своп гэрээ дуусгавар болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр энэхүү гэрээг Хятадын талаас 2023 онд сунгахаа мэдэгдсэн. Тиймээс энэ онд своп хэлцлийн гэрээг сунгахаар хүлээж, төлөвлөж байна. Эдгээр өр төлбөрийг шийдвэрлэсэн тохиолдолд 2023 онд гадаад өрийн дарамтыг бууруулахаар байна" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
л(103.26.195.117) 2023 оны 01 сарын 06

Монгол банкныхан өөрсдөө тоглодог байх гэж харддаг. мөнгөний бодлого барьдаг газар гэж бодтол хэдэн луйварчинг эрхлүүлдэг газар болсон санагддаг. аймшигтай

0  |  0
иргэн(103.57.92.65) 2023 оны 01 сарын 06

АРДЧИЛСАН УЛС ОРНУУД МОНГОЛ УЛСААС НҮҮР БҮРҮҮЛАЖ ЭХЭЛЖЭЭ ,

1  |  0
Top