Энэ оны эхний хагаст сар бүр ₮40  тэрбумаар  ипотекийн зээлийг санхүүжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Ипотекийн зээл төлөлтөө хойшлуулсан иргэд энэ оны эхнээс  зээлээ төлж эхэлж буй. Тэгвэл  зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн зээлээ төлж эхлэх вэ? гэдэгт Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжин дараах хариултыг өгч байна. 

-Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сард “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу Монголбанк, Монголын ипотекийн корпорац болон арилжааны банк хамтран ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг нийт таван удаа хойшлуулсан бөгөөд нийтдээ 63 мянган зээлдэгч хамрагдсан. “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс дуусгавар болж байгаатай холбогдуулан эдгээр 63 мянган зээлдэгчид зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийнхаа дагуу төлж эхэлнэ. Ингэснээр хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс ипотекийн зээл хэвийн төлөгдөөд эхлэхээр тус хэмжээгээр ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 мянга орчим зээлдэгчид олгоод байна. Түүнчлэн УИХ-аас 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, оны эхний 6 сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг бид ярилцаж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top