Ковидын хууль дуусгавар болсон учраас алт олборлогч ААН-үүдэд дэмжлэг олгохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Монголбанк өнгөрөгч 2022 онд 22.9 тонн үнэт металлыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан нь 2021 онтой харьцуулбал 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны тухайд үнэт металлын худалдан авалт өмнөх оныхоо түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжин хэллээ. 

Тэрбээр "Манай улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүд ч үндсэн орд руу чиглэсэн олборлолт хийж эхэлсэн тул цаашид олборлох алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ хэмжээгээрээ валютын нөөцдөө ч эерэг нөлөө үзүүлэх болов уу. 

Мөн тэрбээр дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкнаас олгодог  санхүүжилт дэмжлэг энэ онд үргэлжлэх үү? гэдэгт дараах хариултыг өгч байна. 

"УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд Монголбанкнаас дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулан санхүүжилт олгосон. Өнгөрсөн онд нийт 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2022 оноор дуусгавар болсон тул Монголбанкнаас энэ төрлийн арга хэмжээнд санхүүжилт олгох эрх зүйн боломжгүй болсон" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top