Тахлын үеийг давж СЭРГЭСЭН эдийн засгийг тогтвортой ӨСӨЛТ рүү хөтлөх хэрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Ковидын эрсдэл хэвээрээ байсан  2022 оны хоёрдугаар сараас геополитикийн хямралт байдал бий болсон нь бусад улс орнуудын хувьд ч, манай Монгол Улсын эдийн засагт ч ялгаагүй бэрхшээлүүд дагуулж төр, хувийн хэвшил аль аль түвшинд цаг үеэ мэдэрсэн шийдэл, бодлогын шийдвэрүүд гаргахыг шаардаж байсан билээ. 

Тэгвэл нөхцөл байдал амаргүй байсан 2022 онд Монгол Улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд  эерэг гарсан нь бид дотооддоо оновчтой алхмууд хийсэнтэй, нөгөө талаас гадаад зах зээлийн нөхцөл байдал харьцангуй ээлтэй байсантай холбоотой. 

Манай улсын эдийн засаг 10 улирлын дараа цар тахлын өмнөх түвшинг давж, сэргэснийг тодотгоё. 

Төв банкны төсөөллөөр 2022 оны нэгтгэсэн дүнгээр эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрэхээр хүлээгдэж буй юм. Ямар ч байсан  ковидын улмаас 2020 онд -4.6 хувьтай гарч байсан эдийн засаг идэвхжиж, 2021, 2022 онуудад  дараалан өсөлттэй гарч буй нь бүхий л салбаруудад эерэг нөлөө дагууллаа. 

Монгол Улс 2022 онд 9 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байсан бол  12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь түүхэн өндөр хэмжээ юм. 

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлтүүд хүлээлтээс давж, сайжирч гарлаа. Тухайлбал,  2022 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлахдаа алдагдлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1%-тай тэнцүү  буюу 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон бол оны  гүйцэтгэл дүнгээр 2.1% болж, алдагдал буурч,  төсвийн тэнцэл 1.2 их наяд төгрөгөөр сайжирч гарчээ. Өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн  олон бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл ийнхүү  сайжирч гарсан гэдгийг Сангийн сайд онцолж байна. 

Төсвийн нөхцөл байдал сайн гарахад нүүрсний экспорт тодотголоор баталсан 18 сая тонноос 13 сая тонноор давж биелэн, 31.7 сая тоннд хүрсэн нь жин даран нөлөөлж буй.  Нэгдсэн   төсвийн тоонуудаас онцолбол, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг  15.9 их наяд гэж тооцсон бол гүйцэтгэлээр 17.2 их наяд болж нэмэгджээ. Орлогын бүрдэлтээс үзэхэд АМНАТ, ААНОАТ-ын орлогууд өндөр дүнгээр давж биелжээ. 

Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан,  Нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум, Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарчээ. Харин Эрүүл мэндийн даатгалын сан 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 

Ерөнхийд нь авч үзвэл, 2022 онд эдийн засагт бий болсон нааштай үзүүлэлтүүд энэ 2023 оны нөхцөл байдлын суурь болж байна. 

2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэн, батласны дараа спикер Г.Занданшатар “Цар тахлын дараах сэргэлтийг дэмжихэд чиглэсэн төсөв” боллоо хэмээн  тодотгож байв. Тэгвэл үзүүлэлтүүдээс харахад, эдийн засаг тахлын үеийг давж сэргэжээ. 2023 онд сэргэлтийг тогтвортой өсөлт болгох эсэхэд төр, хувийн хэвшлийн аль аль нь  оролцоотой байх нь чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top