Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын Улсын Их Хурлын гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2023.01.16) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон талаар танилцуулав. Тэрбээр, Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна гэлээ. Тодруулбал, төсвийн тодотголын батлагдсан он цагийг харуулбал:
- 2012 оны төсөв
- 2013 оны төсөв 2013.10.25-нд тодотгол 1 удаа
- 2014 онд 2014.05.23, 2014.12.18-нд 2 удаа
- 2015 оны төсөв 2015.01.23, 2015.10.30-нд 2 удаа
- 2016 оны төсөв 2016.09.09-нд 1 удаа
- 2017 оны төсөв 2017.04.14, 2017.10.26-нд 2 удаа
- 2018 онд тодотгоогүй
- 2019 онд тодотгоогүй
- 2020 онд 2020.08.28 1 удаа
- 2021 онд 2021.07.07 1 удаа
- 2022 онд 2022.01.31, 2022.04.29-нд 2 удаа
Төсвийн хуулийн үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулсан талаарх байдлыг харуулбал:
- 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 201.11.30
- 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2012.10.25
- 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2013.11.14, 2014.05.23
- 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2015.01.23, 2015.10.30
- 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2016.09.09, 2015.11.13
- 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.10.26, 2017.04.14
- 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.11.14
- 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2018.11.02
- 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2019.11.13, 2020.08.28
- 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2020.11.13, 2021.07.07
- 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2021.11.12, 2022.01.31, 2022.04.29
Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Эндээс төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй гэдгийг бэлэн харахаар байна. Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал, Төсвийн хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Уг өөрчлөлтүүдийг хийсэн огноог харуулбал:
- 2021.07.07
- 2017.04.14
- 2017.04.14
- 2016.09.09
- 2016.02.05
- 2015.11.10
- 2015.05.21
- 2015.04.09
- 2015.02.18
- 2015.01.20
- 2012.08.17
- 2011.12.23
- 2011.02.10
Дээрх нөхцөл байдлаас харвал, төсвийн тусгай нөхцөл шаардлагыг төсөв батлах болон тодорхой арга хэмжээний шийдвэр гаргах зорилгоор түр түдгэлзүүлэх зэргээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилгыг алдагдуулсан байх эрсдэлтэй гэж сэрдэх үндэслэл бүрдэж байна. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмууд алдагдах нөхцөл болж байна.
Нөгөө талаас Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй байна. Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалт нь авсан зээл, тусламжийг хэрхэн үр дүнтэй зарцуулах асуудал ярьдаг ч анх авахдаа ямар зорилгоор өр үүсгэх ёстой талаарх бодлогыг хуульд тодорхой тусгаагүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна.
Төсвийг төлөвлөх, батлуулах асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан эрх зүйт төрийн тулгуур зарчим ёсоор гүйцэтгэх засаглалын бүрэн эрх хэмжээний асуудал юм. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэл зөрүүтэй үед хэрхэн хариуцлага тооцох талаарх хариуцлагатай байх зарчим хуульд тодорхойлогдоогүй байна.
Иймээс ч төсвийг хариуцлагатай байх, бодитой төлөвлөдөг байх, төсвийн төлөвлөлтийг ил тод болгох, улмаар төсвийг төлөвлөхөд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг арилгах арга хэмжээг авах нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан суурь зарчмууд хангагдана.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийг хариуцлагатайгаар төлөвлөдөг, батлагдах, захиран зарцуулдаг байх эрх зүйн орчин бүрдэх, улмаар, төсвийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, төсвийн бодлого, төлөвлөлтийг иргэд, олон нийтийн хяналт болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагын хамтын оролцоо, хяналтаар дүгнэх боломжтой болно. Түүнчлэн Монгол Улсын өрийн удирдлагад баримтлах бодлогыг тодорхой болгож, цаашид зээлийг эдийн засгийн бодит үр ашигтай төслүүдэд зориулж авдаг байх Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал биелэлээ олно.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагчид танилцуулав. Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд төсвийн шинэчлэлийн дөрвөн бодлого болон төслийн үзэл баримтлалын талаар сэтгүүчлдэд мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )