Хааш нь ч хөрвүүлж болох хамелеон бодлого ХҮҮХДИЙН МӨНГӨ

2023 оны 01 сарын 17

Хүүхдийн мөнгөтэй холбоотой сэдэв үе үе сошиалд эрчээ авдаг. Харин энэ удаад төрийн байгууллагууд дахь иргэдийн мэдээллийн зөрүүтэй байдлууд гарч ирсэн нь анхаарал татаж буй. ЗГХЭГ-ын даргын хүлээн зөвшөөрч буйгаар төрийн байгууллагуудын бүртгэлийн үйл ажиллагаанд алдаа дутагдал, хийдэл байна. Энэ нь хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор ил боллоо. Тэгэхээр энэ асуудал цаашдаа олон нийтийн, хэвлэлийнхний анхааралд ороод ирлээ

Харин Хүүхдийн мөнгө гэдэг сэдэв дээр тухайлаад авч үзвэл "2023  онд Хүүхдийн мөнгийг Монгол Улсын нийт хүүхдийн 91%-д олгоно" гэх мэдээллийг энэ оны төсвийн төсөл өргөн баригдах үед, мөн төсөл хуульчлан батлагдах үед хэвлэлүүд мэдээлж  байсныг сануулъя. 

Сошиал хандлагыг харахад, нийт хүүхдийн 91% хувьд нь олгоно гэсэн мэдээллийг өчигдөр л анх удаа сонсож буй мэт байр байдал нэлээд давамгайлж байна. Ерөнхийдөө манайд аливаа асуудлыг болж өнгөрсний дараа, шийдвэрийг гарсны дараа гэнэт сэхээрдэг хандлага давамгайлдаг болохын илрэл энэ удаад ч харагдаж байна. 

Ер нь бол татвар төлөгчдийн халааснаас авдаг мөнгөө халамж болгон цацах бус ажилгүй, орлогогүй иргэдээ ажил хөдөлмөр эрхэлдэг болгох нэн шаардлагатай байгаа талаар эрх баригчид байнга л ярьж буй. Үүнийгээ "Халамжаас-Хөдөлмөрт" шилжих зорилт хэмээн тодотгож, энэ хүрээнд тодорхой хэдэн сэдвийг тогтмол хөнддөгийн нэг нь Хүүхдийн мөнгийг хавтгайруулж өгөх биш зорилтот бүлэгт л  чиглүүлэх тухай байдаг. 

Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 26-нд болсон  “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр мөн л энэ тухай яригдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаарх судалгаа байгааг тодотгоод, Хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэсэн бизнес эрхлэгчдийн тоо тогтмол нэмэгдэж буй тул ирэх оны төсөвт  хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээр тусгах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байв. 

Үүний дараа Засгийн газраас 2023 оны төсвийн төслийг өргөн барихдаа тодотгосон мэдээллүүдийн эхэнд: 

Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно гэсэн байв. 

Тэгэхээр эндээс үзэхээр өрхүүдийн  амьжиргааны нөхцөл байдлыг нь харгалзаж олгоно гэхээр Хүүхдийн мөнгө "халамж"- ийн бодлого болж таарна. 

Гэтэл төсөв өргөн барьсан Сангийн сайд Б.Жавхлан энэ оны төсвийг хэлэлцэх үед байр сууриа илэрхийлэхдээ, "Хүүхдийн мөнгөнд судалгаа хийхэд жилд дунджаар 33 хувь нь шууд хадгалж байна. Мөн хүүхдийн мөнгийг бэлнээр эсвэл дансаар авах уу гэж асуухад иргэдийн 90 гаруй хувь нь бэлнээр авдаг ч цаашаа хуримтлалд нь хийдэг дадалтай болжээ. Тийм учраас хүүхдийн мөнгө хуримтлалыг дэмжсэн бодлого болж байгаа" гэсэн юм. 

Тэгэхээр энэ засгийн үед Хүүхдийн мөнгө халамжийг ч, хуримтлалыг ч дэмжсэн, аль аль руу нь хөрвөх  хамелеон бодлого л гэж ойлгогдоод байна.  

Сануулахад, 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө ч Хүүхдийн мөнгийг хэрхэх вэ гэдэг сэдэв бас л яригдаж  байсан. Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засгийн сэргэлт үргэлжлэхтэй зэрэгцэн Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлнэ.  Энэ хүрээнд төсөв дээр  Хүүхдийн мөнгөтэй холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж байгаа гэж байв. 

Ер нь бол   Хүүхдийн мөнгийг хуримтлал болгох тухай засгийн санаачилга хэрэгжихгүй гэдэг нь өнгөрсөн онд ойлгомжтой болсон билээ. 

Учир нь 2022 оны эхний хагас жилд 100 мянган төгрөгийг бэлнээр, сүүлийн хагас жилд талыг нь буюу 50 мянган төгрөгийг шууд хуримтлалын данс руу нь татахаар төсөвт тусган баталсан бол  дөрөвдүгээр сард баталсан төсвийн тодотголд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 он дуустал Хүүхдийн мөнгийг иргэдийн гар дээр олгох хэмжээг 100,000 төгрөг хэвээр байлгахаар баталсан юм.

Түүнчлэн 2023 оны төсвийн төсөл өргөн баригдах дөхсөнтэй зэрэгцэн Хүүхдийн мөнгөний асуудал дахин эрчээ авч, нийгмийн сүлжээнд олон нийт байр сууриа илэрхийлцгээсэн билээ. 

Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард  төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа "2022 оны  эхний гурван сарын хугацаанд Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж, түүний дагуу олгосон тайлан мэдээнээс үзвэл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах хэрэгцээ сонирхол өндөр байна" гэж тодотгож байв. 

Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард 1,230.166 хүүхдэд Төрийн санд хуримтлал үүсгэснээс 1,229,684 хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр олгосон байдаг. Тодруулбал, 482 хүүхэд л Төрийн санд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргаж, бусдынх нь эцэг эх, асран хамгаалагчид Хүүхдийн 100 мянган төгрөгийг бүтнээр нь, бэлнээр нь авах сонголт хийсэн байгаа юм. Эндээс үзэхэд, нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал, бидний хандлага зэрэг тал талын хүчин зүйлсийн нөлөөллөөр иргэд Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хэрэгцээ, сонирхол давамгайлж буй. Мөн  нөгөө талд төсвөөс халамжид зарцуулж буй зардлын  дийлэнх нь Хүүхдийн мөнгө байгаа нь оновчгүй гэсэн шүүмж дагадаг.

Ийм л нөхцөлд эрх баригчид Хүүхдийн мөнгийг халамж уу, хуримтлалыг дэмжсэн бодлого уу гэдгээ бүрэн дүүрэн тодорхой болгож чадалгүй өнөөдрийг хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top