АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын цэргийн хүчний Украины хилийг зөрчсөн ямар ч үйлдлийг довтолгоо гэж үзнэ гэлээ.
Түүнчлэн Пентагон Зүүн Европ болон Балтийн орнуудад таван мянга хүртэлх цэргийг байршуулах төлөвлөгөөг танилцуулсан байна.
Жо Байден “Орос-Украины хилийг давсан цэргийн ангиудын ямар ч хөдөлгөөн нь ОХУ-ын довтолгоо болно. Үүнд ямар ч эргэлзээ байх ёсгүй. Хэрвээ Путин энэ сонголтыг хийх юм бол ОХУ хүнд төлөөс төлөх болно” гэсэн талаар “The Wall Street Journal” мэдээлжээ.
Жо Байден үүний өмнө ОХУ Украин руу өргөн хэмжээний довтолгоо хийвэл Орост эдийн засгийн сүйрлийг зохион байгуулах болно гэдгээ хэлсэн билээ.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Орос Украин руу дайрсан тохиолдолд Европ дахь аюулгүй байдлын тухай гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болно” гэж мэдэгдсэн юм.