2022 онд Монгол улс экспортод 12540.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.7 хувиар өссөн үзүүлэлт болсон. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 3286.8 сая ам.доллараар буюу 35.8 хувиар өссөн гэж ГЕГ-аас мэдээллээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспортын 82.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
2021 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 15998.0 мян.тонноор, үнийн дүн нь 3736.5 сая ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 29.1 ам.доллароор тус тус өсжээ. 2022 оны эхний 12 сард чулуун нүүрсний 92.4 хувийг БНХАУ руу гаргасан байна.
2021 оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 170.8 мянган тонноор өсөж, үнийн дүн нь 165.0 сая ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 379.2 ам.доллароор тус тус буурчээ. 2022 оны эхний 12 сард зэсийн баяжмалыг 100.0 хувь БНХАУ-д гаргасан байна.
Молибдены баяжмалын экспортын тоо хэмжээ 885.5 тонноор буурч, үнийн дүн нь 4.8 сая.ам.доллараар өсжээ.
Хилийн дундаж үнэ 11228.7 ам.доллароос 13520.6 ам.доллар хүртэл өсжээ. Молибдены баяжмалын экспортын 89.8 хувийг БНХАУ-д, 10.2 хувийг БНСУ-д тус тус гаргасан байна.
Хайлуур жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 256.5 мянган тонноор, үнийн дүн нь 33.5 сая ам.доллароор тус тус буурчээ. 2021 оны мөн үед 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 223.4 ам.доллар байсан бол 2022 оны эхний 12 сард 285.0 ам.доллар болон өсжээ. Хайлуур жоншны 42.4 хувийг ОХУ, 57.5 хувийг БНХАУ-д гаргасан байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 2605.7 мянган баррель буюу 241.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1743.2 мянган баррелиар, үнийн дүнгээр 31.5 сая ам.доллароор тус тус буурсан байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 62.9 ам.доллараас 92.8 ам.доллар болж өсжээ.
Төмрийн хүдрийн экспорт 4732.2 сая тоннд хүрч, 2021 оны дүнгээс 2374.0 сая тонноор буурсан байна. Экспортын дундаж үнэ 82.6 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 51.4 ам.доллароор буурчээ. Төмрийн хүдрийг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )