ТӨСӨВ: ₮17.2 их наядын орлого олж, ₮18.2 их наядын  зарлага гаргажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 урьдчилсан гүйцэтгэлээр 17,198.5 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 18,177.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 979.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

2022 онд  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1,939.7 тэрбум төгрөгөөр, төлөвлөснөөс 1,900.0 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 35.3 хувь буюу 4,487.1 тэрбум төгрөгөөр, төсвийн нийт зарлага 16.3 хувь буюу 2,547.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 19 пунктээр бага гарчээ. Энэ нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,939.7 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ.

Нийт тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шатлал бүрээр авч үзвэл нийгмийн даатгалын сан 8.5 хувь буюу 274.4 тэрбум төгрөгөөр, улсын төсөв 10.7 хувь буюу 983.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс давж биелсэн бол орон нутгийн төсөв 5.2 хувь буюу 173.8 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 15.6 хувь буюу 226.0 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс тус тус дутуу төвлөрчээ. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн төсөв 15.0 хувь буюу 553.8 тэрбум төгрөгөөр буурсан бол улсын төсөв 12.7 хувь буюу 1,148.4 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сан 28.1 хувь буюу 768.1 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 22.2 хувь буюу 222.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 

Мөн  хугацаанд нэгдсэн төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 18,833.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 96.5 хувийг зарлагадаж 656.0 тэрбум төгрөгийг дутуу зарцуулжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн нийт зарлага 2,547.4 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар өсөж 18,177.8 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

Өнгөрсөн онд  төлөвлөснөөс улсын төсвийн зарлага 227.0 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 884.5 тэрбум, ирээдүй өв сангийн зарлага 0.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан бол нийгмийн даатгалын сангийн зарлага 71.2 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 127.8 тэрбум төгрөгөөр илүү зарцуулагджээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувь буюу 2,547.4 тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 1,408.2 тэрбум, хөрөнгийн зардал 830.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.3 тэрбум төгрөгөөр буурсан бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 8.4 хувь буюу 74.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулалттай гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top