Хаадын хөндийн сүүлчийн нууц: Тут хааны бунхныг нээсний 100 жилийн ой

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

1923 онд Английн археологич Ховард Картер сүүлийн 3000 жилд Хаадын хөндий дэх Тутанхамон фараоны бунханд нэвтэрсэн анхны хүн болов. Тут хаан богино наслахдаа онцгой гавьяа байгуулаагүй ч хувь заяаны тохиолоор түүнд эртний Египетийн хамгийн алдартай фараон болох хувь оногджээ. Үүнд түүний бунхан “гавьяатай”. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу нээлтүүдийн нэгийг хийсэн Картер өөрөө албан ёсоор мэргэжил эзэмшээгүй нэгэн байжээ.

Санамсаргүй Египет судлаач болсон нь

Амжилт олоогүй зураачийн гэр бүлд отгон хүү нь болон мэндэлсэн Ховард муугүй зурдаг байсан ба 17 насандаа зураачийн хувиар Египетийг анх зорьсноор түүний агуу түүхийн эхлэл тавигджээ. Египет судлаач Перси Ньюберри түүгээр Египетэд ханан дээрх зураг болон шинээр илрүүлсэн урлагийн бүтээлүүдийг зуруулахаар багтаа авчээ. Оксфордын их сургуулийн номын санд хадгалагддаг Картерын зургууд өнөөдөр ч нарийн чамбай гүйцэтгэлээрээ гайхшируулдаг байна. Энэ чанар Картерын бие даан малтлага хийх болсны дараа ч илэрч байв. Түүний сонирхлыг Хаадын хөндий хамгийн ихээр татаж байлаа. Наранд шарагдаж, бусдын нүднээс далд нуугдах чулуун хавцал Нил мөрний эрэг дагуу Луксор орчим байрлана. Өрнөдийн археологичид Хаадын хөндийд XIX зуунаас эхлэн малтлага явуулж эхэлжээ.

Ховард Картер

Археологичдын "алтны халуурал"

Өрнөдийн археологичдын илрүүлсэн ихэнх бунхнууд тоногдсон байлаа. Фараоны онгоныг тоносны төлөөх шийтгэл тоглоом биш байсан ч бунхан дахь эд баялаг үхлийн дараах амьдралаас илүү хүчтэй татаж байв. Археологичид эл түүхэн бялуунаас жижигхэн зүсэм хүртэж байсан ч энэ нь тэдний алдарт хүрч, баян чинээлэг болох том найдвар байлаа.

Картер Хаадын хөндийн зургийг нарийвчлан гаргаснаар ажлаа эхэлжээ. Малтлагаа эхлүүлэхэд түүнд зөвшөөрөл болон санхүүжилт шаардлагатай байв. Санхүүгийн асуудлаа Карнарвоны тав дахь үеийн гүн Жорж Хербертийг сонирхлыг татсанаар шийдвэрлэж чадсан бол зөвшөөрлөө Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс өмнөхөн авч дөнгөв. Гэсэн хэдий ч малтлагын ажил нь зөвхөн дайн дуусах үед буюу 1917 онд эхэлжээ.

Тутанхамоны эрэлд

Картер туйлын тодорхой зорилго тавьжээ. Хаадын хөндийд тухайн үед бага танигдсан Тутанхамон гэх нэртэй фараоны бунхан бий гэдэгт итгэлтэй байв. Тэр үед XVIII угсааны цорын ганц хаан болох Тутанхамоны бунхан ч тэр, занданшуулсан шарил нь тэр олдоогүй байлаа. Египет судлаачдын илрүүлсэн олдворууд түүний нэрийг дурдана. Тут хааны өмнөх фараон Эхнатоны бунханд Тутанхамон хааны үед эл бунхныг хаасан тухай тэмдэг байсан нь Картерт залуу удирдагч эл бунхны дэргэд өөртөө газар тэмдэглэсэн байх гэсэн бодол орж иржээ.

Саяхан явуулсан ДНХ-ийн шинжилгээгээр Тутанхамон нь Нефертити хатны бус харин Эхнатон фараоны хүү болох нь тогтоогдсон юм. Тухайн үед Картер үүнийг мэдээгүй ч таамаг нь зөв байжээ.

1917 онд малтлагаа эхэлсэн Картер дараагийн дөрвөн жилд амжилт олсонгүй. Хаадын хөндий эрдэнэсийн сангаа бүрэн нээсэн байв уу?

Фараоны дотор эрхтнүүдийг хадгалдаг тусгай сав

Зууны нээлт

Картерын 1922 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлээс “Бидний өмнө битүүмжилсэн хаалганаас өөр юу ч үлдсэнгүй. Хаалганы зүүн дээд буланд жижиг нүх гаргаж, хаалганы цаана юу байгааг харав. Сүймийх гэрэлд нүд дассаны дараа гайхалтай гоёмсог, ер бусын эд зүйлс бүхий тасалгаа харагдав”.

Тутанхамоны шарил

Энэ түүхийн хамгийн гайхалтай хэсэг нь Тутанхамон хааны бунхныг нээсэн нь ч биш байлаа. Харин бунхны эхний тасалгаанд илрүүлсэн бүхий л эд өлгийн зүйлсийг нэг бүрчлэн баримтжуулсан явдал байлаа. Тасалгаанд асар олон эд өлгийн зүйлс байсан тул энэ ажил бараг гурван сар үргэлжилжээ.

Хааны алтан гутал бүхий ер бусын хоёр хар баримал, арслангийн толгойн чимэглэлтэй хачин хэлбэр бүхий алтан сэнтий, нарийн сийлбэртэй савнууд, алтаар сийлсэн сандал, алтан сүйх тэргүүд зэрэг нь харааг нь булаана. Залуу фараоны амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлсийн агуулах уу эсвэл бунхан нь уу гэсэн асуулт Картерыг сонирхлыг татаж байлаа. Гурван сарын турш үргэлжилсэн гаднын хүний нүдэнд уйтгартай санагдах эд зүйлсийг баримтжуулах нарийн ажлын дараа бунхны сүүлчийн битүүмжилсэн хаалгыг нээх цаг ирэв.

Хаалганд томхон хэмжээний нүх гаргаж дотогш гэрэл тусгахад Картерын өмнө нэгэн гайхамшиг нээгджээ. Хаалганаас холгүйхэн цэвэр алтан хана харагдав. 1923 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Картер ирээдүйд алдарших залуу фараон нойрсож буй бунхны төвд хүрчээ. Гурван давхар авсны дотор цэвэр алтаар урласан хайрцагт Тутанхамон хааны занданшуулсан шарил байв. Эл шарилын шинжлэх ухааны ач холбогдлыг үнэлж баршгүй. Учир нь энэ нь Египетийн огт хөндөлгүй хадгалагдаж үлдсэн анхны занданшуулсан шарил байлаа.

Фараоны хараал

Тутанхамон хааны бунхны нээлтийн тухай түүх “фараоны хараал”-ыг дурдалгүйгээр бүрэн дүүрэн болохгүй байв. Дэлхий даяар энэ олдвор жинхэнэ шуугиан тарьж, нойрсож буй фараоны амар амгаланг алдагдуулсан хэн бугай ч хараал хүрнэ гэсэн яриа зэрэгцэн түгжээ. Картер Тутанхамон фараоны бунханд хөл тавьснаас хойш хоёр хүрэхгүй сарын дараа буюу 1923 оны дөрөвдүгээр сарын 5-нд төслийг санхүүжүүлсэн Карнарвон гүн зуурдаар нас баржээ. Тэрээр охиныхоо хамт Нил мөрнөөр хөлөг онгоцоор аялж байхдаа шумуулд хазуулсан байна. Онцгой зүйл үгүй мэт ч халдвар орж, хэдхэн хоногийн дараа Каир хотод цусны халдвараар өөд болжээ. Шерлок Холмсын тухай номын зохиолч сэр Артур Конан Дойл Карнарвон гүнгийн үхэл занданшуулсан шарилыг хамгаалдаг сүнснүүдтэй холбоотой хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байжээ. Үнэн хэрэгтээ бунханд ямар нэгэн сануулга байсангүй. Гэсэн хэдий ч Картерын багийн зарим гишүүд болон бунханд орсон хэд хэдэн хүний үхэл “хараагдсан” хэмээх цууг улам дэлгэрүүлэв.

Тут хааны занданшуулсан шарил

Хараалын золиос болсон гэгдэх хүмүүсийн дунд 1923 онд эхнэртэйгээ буудуулж амиа алдсан Египетийн хунтайж Али Камел Фахми-бей, шарилын рентген зургийг авсан сэр Арчибалд Дуглас Рид 1924 онд тодорхойгүй шалтгаанаар нас барсан, Суданы амбан захирагч Ли Стэк 1924 онд буудуулж амиа алдсан, Картерын багийн гишүүн Артур Мейс 1928 онд хүнцэлд хордож нас барсан, Картерын нарийн бичгийн дарга Ричард Бетелл 1929 онд унтаж байхдаа амьсгал нь боогдож нас барсан, Бетеллийн эцэг 1930 онд амиа хорлосон зэрэг хүмүүс багтдаг.

Гэсэн хэдий ч бунханд ажилласан болон орж үзсэн ихэнх хүмүүс урт удаан амьдарсан ч “фараоны хараал”-д итгэгчдэд энэ нь огт нөлөөлөөгүй юм. Картер өөрөө энэ онолд туйлын сөрөг хандаж байв. Тэр 1939 онд 64 насандаа Хожкины өвчнөөр таалал төгссөн нь хараалын тухай цуу яриаг дахин дэлгэрүүлснээр барахгүй түүний намтарт хүртэл энэ үг дурдагддаг байна. Хожкины өвчний шалтгаан өнөө хэр тайлагдаагүй ч энэ өвчнөөр гол төлөв цагаан арьстнууд өвддөг байна.

Нефертитигийн шарил тэнд бий юу?

Тутанхамон хааны бунхан бүх нууцаа нээгээгүй ч байж магадгүй. Өнөөг болтол залуу фараоны хойд эх, гоо үзэсгэлэнтэй, домогт Нефертитигийн шарил олдоогүй л байна. Их Британийн нэрт Египет судлаач Николас Ривз түүний занданшуулсан шарил дагавар хүүгийнх нь бунхантай залгаа нууцлаг тасалгаанд оршсоор байгаа хэмээн үздэг.

Залуу фараоныг оршуулж буйг дүрсэлсэн зураг дотор Нефертитийг оршуулж буй Тутанхамоныг давхар дүрсэлсэн байдаг. Эхэн үеийн таамаг ёсоор энэ зурагт бунхны анхны эзэн болох Нефертитиг оршуулах зан үйлийг үйлдэж буй Тут хааныг дүрсэлсэн хэмээн үзэж байжээ. Тутанхамон зуурдаар таалал төгссөн тул түүнд тусдаа бунхан бүтээх цаг байгаагүй. Энэ тохиолдолд түүнийг Нефертитигийн бунханд нэмж тасалгаа гарган, ханан дээрх зургийг бага зэрэг өөрчлөн оршоосон байх боломжтой. Орчин үеийн төхөөрөмжөөр хийсэн шинжилгээ энэ онолыг одоогоор батлаагүй ч гэсэн ойрын ирээдүйд Хаадын хөндийн сүүлчийн нууц тайлагдахыг үгүйсгэх аргагүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top