Уул уурхайн салбарын хэвийн өсөлтийг бий болгох эсэхээс бүх зүйл шалтгаална гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

 

Цар тахал, геополитикийн шокийн үеийн бодлогын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  дараах байр суурийг илэрхийллээ.

Өнгөрсөн онд геополитикийн болон Ковид-19 цар тахлын хосолмол хүндрэл үргэлжлэн дэлхий нийтээр өндөр инфляцтай нүүр тулж, дэлхий дахинаа эдийн засгийн өсөлт 2021 оны түвшнээс даруй 2 дахин саарсан. 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.5 хувьд хүрэхээр байна. Энэ нь цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.6 хувиар агшсаны дараа буюу 2021 онд 1.6 хувиар өссөнтэй харьцуулахад 3 дахин өндөр үзүүлэлт юм. Цар тахал, геополитикийн хүндрэл нь нийлүүлэлтийн доголдол, тээвэр логистикийн саатал, экспортын удаашрал зэргээр эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй  байсан ч 2020 оноос хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд эдийн засгийн өсөлтийг сэргээхэд чухал хүчин зүйл боллоо.

Хэдийгээр хүндрэл бүрэн арилаагүй, инфляц огцом өсөж, түүнийг даган дэлхийн санхүүгийн зах зээл дээрх суурь хүү огцом өссөн боловч мөнгөний бодлогын төлөвийг аажим чангаруулж ирсэн нь эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг боллоо. Эдийн засгийн олон үзүүлэлт цар тахлын өмнөх түвшнээс давж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засаг 4.5 хувьд хүрч сэргэхэд хэрэглээ, хөрөнгө оруулалт тэлж худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрчимжсэн нь голлох нөлөөтэй байлаа. 2022 оны сүүлийн хагаст уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэж, өсөлтөд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн хэдий ч уул уурхайн салбар агшилттай хэвээр байна. Эдийн засаг ийнхүү сэргэж, ААН-үүд цар тахал, тээвэр, логистикийн доголдолтой орчинд үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа нь хөдөлмөрийн захад эергээр нөлөөлж байна. Хөдөлмөрийн захад гарч буй эдгээр эерэг өөрчлөлт нь орлогоор дамжин эдийн засгийн өсөлтийг мөн тэтгэж байна.

Зээлийн хүү 2022 онд дунджаар 14.8 хувь буюу өмнөх оны түвшинтэй ойролцоо байсан бол зээлийн жилийн өсөлт дунджаар 19.2 хувь байсан нь 2021 оны 9.7 хувийн өсөлттэй харьцуулахад 2 дахин эрчимжсэн үзүүлэлт юм. Мөнгөний бодлогын төлөв ийнхүү хатуурсан нь  2022 оны сүүлийн улирлаас эхлэн банкны үзүүлэлтүүдэд ажиглагдаж, зээлийн өсөлтийг сааруулж, зээлийн хүүг нэмэгдүүлж байна.

 

Нийлүүлэлтийн доголдлыг арилган хангамжийг нэмэгдүүлж, үүссэн хүндрэлийг  шийдвэрлэхэд мөнгөний бодлого дангаар хүчин мөхөстөх тул Засгийн газартай хамтран эдийн засаг, бизнес, нийгэмд ач холбогдол бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Энэ хүрээнд шатахууны нөөц бүрдүүлэх, уул уурхайн бус экспортын салбар, хөдөө аж ахуйн салбарыг илүүтэйгээр дэмжиж, нүүрсний орлогын доголдол, тээврийн саатлын талаарх туршлага, судалгаа, мэдээллээр холбогдох төрийн байгууллагуудыг хангаж, гарц, шийдлийг хамтран боловсруулсан нь бодит үр дүнгээ өгч байна.  

Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг энэ онд үргэлжлүүлэхэд уул уурхайн салбарын идэвхжил, экспортын өсөлтийг хадгалах, түүнээс орох экспортын орлого бусад салбарын өсөлтөд дэмжлэг үзүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, бодлогын орон зайг бий болгох нь юу юунаас чухал боллоо. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын уналтыг зогсоож, хэвийн өсөлтийг бий болгох эсэхээс бүх зүйл шалтгаална. Түүнээс гадна тээвэр, гадаад худалдааны салбарт доголдол үүсгэхгүй байх, түнш орнуудын харилцааг хэвийн үргэлжлүүлэх, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.  Валютын бодит урсгалыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон тээврийн доголдол үүсгэхгүй байх нь инфляцыг бууруулах төдийгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь болно. Экспортыг хэвийн түвшинд хүргэж эдийн засгийн салбаруудад шаардлагатай валютын дутагдлыг арилгаснаар бизнесийн тогтвортой өсөлтийн баталгаа болох юм.

Төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн онд 727 сая ам.доллар гарсан нь хүлээгдэж байснаас бага дүн. Үүнд нүүрсний экспорт, санхүүгийн системийн дотогшлох урсгал хүлээлтээс давж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого нөлөөллөө. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг 2023 онд бууруулж, алдагдалгүй болгоход эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын биет хэмжээ чухал ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top