АХБ: Монголын эдийн засаг сэргэх замдаа ороод байна, ГЭХДЭЭ...

2023 оны 04 сарын 04

Азийн Хөгжлийн Банк /АХБ/  жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангийн энэ оны шинэ дугаараа өнөөдөр /2023.04.04/ танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг энэ онд хэдэн хувиар өсөх бол? Инфляц ямар түвшинд байх бол? Ямар эрсдэлүүд эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй вэ? зэрэг анхаарал татсан асуултуудад  шинэ тайлан хариулт өгнө гэж АХБ-наас тодотгож байсан. 

Тэгвэл  өнөөдөр танилцуулсан тайланд дурдсанаар, БНХАУ-ын эдийн засаг дахин нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын эрэлт сэргэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж байна. Энэ нь гадаад, дотоодын санхүүжилтийн нөхцөлүүд эрс чангарснаас үл хамааран өмнөх сөрөг хүлээлтүүдийг өөрчилж байна гэлээ.

Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, түүний тээвэр болон бусад салбаруудад үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2022 оны 4.8%-ийн өсөлтөөс сэргэж, 2023 онд 5.4%, 2024 онд 6.1%-иар тус тус өсөх төлөвтэй байна гэж шинэ тайланд тусгажээ.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “КОВИД-19 цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь ОХУ-ын халдлага зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, цочролын улмаас Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн гурван жилийн турш хүндрэл бий болсон. Гэвч экспортын эрэлт сэргэсэн болон хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг сэргэх замдаа ороод байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр  “Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, төсөв, мөнгө, макро зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн, нийт хуримтлалыг нэмэгдүүлж эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь чухал байна. Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих эерэг орчныг бүрдүүлэн, өсөлтийг дунд хугацаанд хадгалахын тулд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх боломжтой”  гэв.

Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9%, 2024 онд 8.7% болж буурахаар байна. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц төв банкны зорилтот түвшин болох 6%-иас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байгаа юм.

Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасаж, тээврийн зардал буурахтай уялдан үйлчилгээний дансны алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байна.

Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллүүд улам даамжрах, КОВИД-19 цар тахлын вирусийн шинэ хувилбар үүсэж халдварын шинэ давлагаа бий болох, ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурах, дотоодод улс төрийн нөхцөл байдал муудах болон нүүрсний оффтэйк гэрээнүүдийн төлбөрийн тэнцэл дэх сөрөг нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлүүд бийг тодотголоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top