ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
20 цагийн өмнө

Өнөөдөр 2025.01.08. Энэ оны 8 дахь өдөр бөгөөд он дуусахад 357 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандаж, 17 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 28 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Баяр баясгалангийн халдварыг түгээх өдөр, Ромбон хээний өдөр, Дэлхийн эргэлтийн өдөр тохиож байгаа бол Грек Эмэгтэйчүүдийн баяр, АНУ Хөөстэй баннд орох өдөр, Армени Нугасны донорын өдрийн тэмдэглэж байна.

Өнөөдөр нэхмэлийн машин зохион бүтээгч Жеймс Харгривс, Английн зохиолч Уилки Коллинз, Оросын анхны Олимпын аварга Николай Панин-Коломенкин, рок-н-роллын хаан Элвис Пресли, Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизүми, суут физикч, сансар судлаач Стивен Уильям Хокинг, Британийн рок дуучин Дэвид Боуи, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, Испанийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Давид Силва нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1828 онд АНУ-ын Ардчилсан нам үүсгэн байгуулагджээ.

-1851 оны энэ өдөр Францын физикч Жан Бернар Леон Фуко Дэлхий тэнхлэгээрээ эргэдэг болохыг баталж байжээ.

-1912 онд Африкийн Үндэсний Их Хурал байгуулагджээ.

-1926 онд Вьетнамын сүүлчийн хаан Нгуен Пхүк Винх Ты хаан ширээнд суужээ.

-1957 оны энэ өдөр Бобби Фишер 14 насандаа АНУ-ын шатрын аварга болж байв.

-1977 онд Москва хотод 37 минутын зайтай гурван бөмбөг дэлбэрч, долоон хүн амиа алджээ. Алан хядах ажиллагааг Армены салан тусгаарлах бүлэглэл үйлдсэн гэж үздэг байна.

-1978 онд Иранд Исламын дайн эхэлжээ.

-2004 онд тухайн үед дэлхийн хамгийн томд тооцогдох “Queen Mary-2” усан онгоц далайд гарч байв.

-2020 оны энэ өдөр Ираны Тегеран хот орчим Украины иргэний агаарын тээврийн “Боинг 737” онгоц Ираны пуужинд оногдож сүйрсний улмаас 176 хүн амиа алдав.

Билгийн тооллын 9, Гоё хүүхэн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:40-17:17. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top