Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.04.12) зохион байгууллаа.
Төсвийн ил тод байдлыг хангах, төсөвтэй холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй байлгах, олон нийтийн оролцоо хяналтыг бүрдүүлэх, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг сахин мөрддөг болох шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын нэр бүхий 32 гишүүн үзэж, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь тус хуулийн төсөл хэлэлцүүлгий шатанд байх үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ, “Төсвийн тухай хуулийг жилд нэг удаа баталдаг бол сүүлийн 10 жилийн хугацаанд тодотгол, нэмэлт, өөрчлөлт ззрэг шалтгааны улмаас 23 удаа баталсан. Түүнчлэн, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл буюу гол бодлогын баримт бичгийг 32 удаа баталсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ нь Төсвийн бодлого төлөвлөлт тогтвортой бус, бодит тооцоололгүй, сахилга батгүй, олон нийтийн хяналт сул байгааг тодхон харуулж байна. Иймд бид төсвийн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн онцолж байлаа.
Хэлэлцүүлэгт Эдийн засаг судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс оролцож, “Төсвийн тэлэх бодлогын нөлөө: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт сүүлийн 10 жилд” сэдвийн хүрээд илтгэл тавьсан юм. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль мөрдөгдөж эхлээд 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд төсвийн сахилга бат, хуулийн хэрэгжилт хангалтгүй. Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болж, “Голланд өвчин”-ий шинж тэмдэг ажиглагдах болсон гэдгийг онцлов. Түүнчлэн, “Төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжээгүй байсан бол үр дүн ямар байх байв” судалгааны дүнг танилцуулсан. Судалгааны дүнгээс харахад төсвийн нийт зарлага дээд хязгаараасаа хэтрэхгүй байх, төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь буурах, төсвийн алдагдал 2018 оноос эхлэн дээд хязгаар буюу ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өр илүү хурдтай буурч, 2018 оноос эхлэн 60 хувийн хязгаартаа багтах зэрэг эерэг үзүүлэлттэй байх боломжтой байсныг тодотгов.
Дараа нь НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “ТХЗ-тай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн ерөнхий зөвлөх С.Сүхдэлгэр “Үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан. Монгол Улсын эдийн засаг нь уул уурхай болон экспортын бүтээгдэхүүнээс хараат, төрөлжилт багатай, эмзэг тогтворгүй байгаа нь нийгэм эдийн засгийн хүртээмжгүй, тэгш бус байдлын гол үндэс болж буй гэдгийг тэрбээр илтгэлийнхээ өмнө онцолж байлаа.
Үргэлжлүүлэн хууль санаачлагчдын зүгээс Төсвийн шинэчлэлийн хууль, тогтоолын төслийн талаар танилцуулав. Төсвийн шинэчлэлийг дөрвөн үндсэн бодлогын хүрээнд хийх юм байна. Үүнд:
1. Төсвийн тогтвортой байдлыг хангах бодлог
2. Төсвийн төлөвлөлт, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх бодлого
3. Төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах бодлого
4. Гадаад зээл, тусламж, өрийг хязгаарлах бодлого
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Төсвийн тогтвортой байдал” сэдвээр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир “Төсвийн төлөвлөлт, ил тод нээлттэй байдал” сэдвээр, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төсвийн сахилга бат, хяналт хариуцлага” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлэг чөлөөт асуулт, хариултаар үргэлжилсэн. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Өнөрболор, М.Оюунчимэг болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург болон их, дээд сургуулиудын багш нар, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )