Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов, Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан нар танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн мэдээллийг онцлоход, нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (29.6%) их наяд төгрөгөөр өсжээ.
Төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний гурван сард 4.1 их наяд төгрөг болж,тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 734.5 (55.0%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.0 их наяд төгрөг болж, 908.1 (82.6%) тэр бум төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ гуравдугаар сард 1.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 634.1 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2023 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (34.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 604.3 (73.1%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 158.4 (19.2%) тэрбум төгрөг,нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 89.5 (35.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )