А.Уранчимэг: СХД-ийн 34-р хороо эрчимтэй барилгажиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга А.Уранчимэгтэй цөөн хором ярилцлаа. 


-Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо шинээр байгуулагдсан. Танай хорооны онцлог нь юу вэ?

-Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол нь шилжин суурьшилт ихтэй, түр оршин суугчид ихтэй байдаг. Шилжин суурьшилт ихтэйгээс үүдэн Сонгинохайрхан дүүрэг 25 хороотой байсныг нь хувааж, 43 хороотой болсны нэг нь манай 34 дүгээр хороо. Манай хороо 1, 22-р хорооноос салсан 8000 гаруй иргэнтэй байсан бол шилжин суурьшилт нэмэгдсэнээр 10 мянга гаруй иргэнтэй болсон. Агаар сайхан, хөрсний бохирдолгүй ч барилгажилт муутай хорооны тоонд ордог байсан. Харин өнгөрсөн дөрвөн жилд Буман-Өлзий хотхонтой болж, бас “Роман парк” хотхонтой болсон. Одоо “Мандал эко хотхон” шинээр баригдах гээд өнгөрсөн ням гарагт төслийн нээлтээ хийлээ. 

Ингэснээр Сонгинорхайрхан дүүргийн гэр хороолол ихтэй баруун бүсийн иргэдийг орон сууцтай болгох, дагаад хөгжил ойртох давуу талтай.

-Томоохон хорооллууд баригдахын хэрээр давхар төвлөрөл бий болж, сургууль, цэцэрлэг шаардагдаж эхэлдэг?

-Шинэ баригдаж байгаа төсөл, хотхонууд сургууль, цэцэрлэгээ хамт төлөвлөдөг байх ёстой юм. Сая бүтээн байгуулалтаа эхлүүлж буй "Мандал Эко хотхон" гэхэд өөрсдийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн байгаа нь маш сайн хэрэг. Цаашлаад худалдаа, үйлчилгээний төв, спорт цогцолбор, ногоон байгууламж гээд иргэдийн хүсдэг зүйлийг цогцоор нь шийдэж байгаа хотхон гэж би харж байгаа. 

-Хорооны иргэдэд тулгамддаг ямар ямар асуудлууд байдаг вэ?

-Иргэдэд тулгамддаг асуудлыг яриад байвал хог, шороо тоосноос эхлээд их зүйл байдаг. Харин манай хороонд төвийн дэд бүтэц татагдсанаар олон байшин барилгатай болох боломж бүрдээд байна. Ирээдүйд 34 дүгээр хороо байшин барилга ихтэй, хамгийн гол нь эко хороо болно гэж харж байгаа. Иргэд үүнийг л хүсдэг. Гэр хороололд яндан, зуухтай орчинд бус тав тухтай орчинд, цэвэр агаартаа бүхий л үйлчилгээг авч, тохьтой амьдрах учиртай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top