Дэлхийн банк манайд хуучин зөвлөмжөө ШИНЭЧЛЭН өглөө

2023 оны 04 сарын 20

 

Дэлхийн банкны шинжээч, судлаачид Монголын эдийн засгийг энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж таамаглажээ. Цаашид уул уурхайн салбарын олборлолт болон экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр ийм өсөлтөд хүрнэ гэж тооцсон байна.

Тус банкнаас сүүлд гаргасан Монголын эдийн засгийн тойм тайлангаас харахад уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд бодлогын шинэчлэл хийх зэрэг хэд хэдэн асуудал дээр төвлөрчээ. Ерөнхийдөө бол Дэлхийн банкнаас ийм агуулга бүхий зөвлөмжүүдийг сүүлийн жилүүдэд өгсөөр ирснийг тодотоё.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку “Уул уурхайн бус салбарыг бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ажиллах хүчний, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Байгалийн баялгийн бус салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүтээмжийг дээшлүүлж, түүхий эдийн үнийн цочролд өртөх эмзэг байдлыг бууруулах боломжтой” болохыг онцолсон байна.

Тайлангийн мэдээллээс эшлэн хүргэхэд, Хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр энэ онд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэй. Цар тахалтай холбоотой хязгаарлалт суларснаар үйлчилгээний салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын идэвхжил үргэлжлэн сэргэж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой.

Нөгөөтэйгүүр, ажиллах хүчний оролцооны түвшин Ковид-19 цар тахлын өмнөх үеэс доогуур түвшинд хэвээр байна. Үүний зэрэгцээ өндөр инфляц, улсын салбарын өр, төсөвт дарамт учруулж болохуйц эрсдэлүүд, гадаад секторын тэнцвэргүй байдал болон уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь эдийн засагт тулгамдаж буй гол асуудлууд болоод байна.

Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүдийг тайланд дурджээ. Тухайлбал хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд их хэмжээгээр хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онуудад 6 хувиас давж өсөх төлөвтэй байна. Гэвч цаашдаа тогтвортой өсөлтийг хангах, дотоод, гадаад болон цаг уурын цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтүүд чухал ач холбогдолтой хэвээр байна. Илүү идэвхтэй, динамик хөдөлмөрийн зах зээлийг бий болгосноор уул уурхайн бус салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийг солонгоруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой.

Ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, тэдний ур чадварыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цогц системийг бий болгох шинэчлэлийг хийх замаар хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх тухай бодлогын хэд хэдэн саналыг тайланд дэвшүүлжээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэн, залууст илүү их боломж бололцоог олгож, хотын оршин суугчдыг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулснаар ажиллах хүчний оролцоо тэлж, улмаар Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болох юм.

Төсвийн тогтвортой байдал, аливаа цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд төсвийн сахилга бат, засаглалын реформууд чухал ач холбогдолтой болохыг тайланд онцолсон байна. Түүнчлэн Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгахад валютын ханшийн уян хатан байдлыг хангах, хөрөнгө оруулалтын төслүүдийг үр ашиг, зардал, ач холбогдлоос нь хамааруулан эрэмбэ дараатай хэрэгжүүлэх, экспортын орлого ба санхүүгийн хөрөнгийн орох урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй зэрэг зөвлөмжүүд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top