Монголд атомын цахилгаан станц барих газар хайж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Монгол Улсад 1.5 сая тонн ураны хүдрийн нөөц бий хэмээн геологичид тодорхойлдог. Тэгээд 500 мянган тонн уран нь 14 хөндийд тархсан гэдэг билээ. Ингээд Франц, Герман, ОХУ, Япон, Канад зэрэг улс орнууд манайхаас уран олборлохоор хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Монголчууд уранаа олборлуулсныхаа хариуд атомын цахилгаан станц бариулах нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн газар Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, хөгжүүлэх зорилгоор ОХУ, БНФУ, БНЭУ, БНЯУ, АНУ, БНХАУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Одоогийн байдлаар Цөмийн энергийн газар Солонгосын Атомын эрчим хүчний судалгааны институт, Казахстантай хамтарч атомын цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй билээ. Гэвч Монголд атомын цахилгаан станц барих талаар эрдэмтэн судлаачид эсрэг тэсрэг байр суурьтай байна.  Нэг хэсэг нь "Манайд атомын цахилгаан станц барих газар байхгүй. Ямар Хөвсгөл нуурын дэргэд барилтай биш. Орхон, Сэлэнгэ, Хэрлэн гээд томоохон гол мөрний дэргэд барилаа гэхэд цөмийн реактороо бүрэн хөргөх боломж байхгүй. Тэгэхээр энэ бол зарим эрдэмтдийн хийсвэр тооцоо. Манайд цөмийн энергийн мэргэжилтэн ховор, тэр дундаа ийм цахилгаан станцад ажиллах боловсон хүчин байхгүй. Тэднийг бэлтгэх гэж асар их цаг хугацаа, хөрөнгө орно. Бас цахилгаан станц нь өндөр өртөгтэй тул хөрөнгийн эх үүсвэр ч дутагдах магадлалтай" гэж байгаа билээ. Нөгөө хэсэг нь "Уул уурхайн салбарыг дагаад хүнд үйлдвэрлэл хөгжих тул эрчим хүчний хэрэгцээ ирээдүйд асар их болно. Иймээс эрчим хүчээр бүрэн хангах атомын цахилгаан станц барих ёстой. Цөмийн энергийн технологи улам боловсронгуй болж буй тул томоохон гол мөрний дагуу барих бололцоотой. Өнөөдөр дэлхий нийтээрээ атомын цахилгаан станцыг илүүд үзэж байна" хэмээж буй билээ.

2025-2035 онд монголчууд атомын цахилгаан станцтай болно

Олон улсын цөмийн энергийн агентлагийн дүрмээр атомын цахилгаан станц барихаар сонгосон газраас 150-180 км-ийн хүрээнд аюул үзүүлэх идэвхтэй орчныг судлах ёстой гэсэн заавар байдаг. Үүнээс гадна цөмийн реактороо хөргөх, газар хөдлөлтийн аюулгүй бүсийг сонгох зэрэг 19 болзол журам бий аж. Иймээс атомын цахилгаан станц байгуулах төслийн хүрээнд Одон орон, геофизикийн судалгааны төвөөс Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд судалгаа хийж байна. Тус төвийн Газар хөдлөлийн секторын эрхлэгч М.Өлзийбат "Атомын цахилгаан станц барихаар сонгосон газрын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхтэй бүс бий юу, тэндээс нь хэдий хэмжээний долгион үүсэх вэ гэдгийг судлах ёстой. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн улмаас тохиолдож болох аюулыг тооцож үзнэ гэсэн үг. Тухайлбал, наад зах нь 100 жилийн хугацаанд үзүүлэх чичиргээг нь тооцож байж түүнд тэсэх барилга байгууламж барина. Үүнээс гадна тэр цахилгаан станц газар хөдлөлтийн байнгын хяналтын системтэй байх болно. Тэгээд таван баллаас дээш хүчтэй газар хөдлөнгүүт эхний аюул багатай долгионыг хүлээн авч цахилгаан станц автоматаар унтардаг шинэ технологи нэвтрүүлэх юм" гэсэн билээ. Монгол орон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг. Жишээлбэл, таваас дээш баллын газар хөдлөлт жилд 20 гаруй удаа болдог байна. Газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй нутаг нь Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг байдаг аж. Ингээд эдгээрээс бусад аймагт атомын цахилгаан станц барих тохиромжтой газрын судалгаа өнөөдөр хийх болж. Одоогийн байдлаар ямар хүчин чадалтай станц барих вэ гэдгээ тогтоогүй байна. Гэвч дээрх ажлыг ирэх гурван жилийн дотор хийж дуусгана гэсэн төлөвлөгөө атомын цахилгаан станц барих төслийн эрдэмтэн мэргэжилтнүүдэд бий.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өнөөдөр 500 мвт гэдэг. Эрчим хүчний салбарынхан ирээдүйд цахилгааны хэрэглээ өсөх учир барих гэж буй атомын цахилгаан станцыг 2030 оны хэрэглээ ямар байхыг тооцож хүчин чадлыг нь тогтооно гэсэн. Эхний ээлжинд туршилтын журмаар бага оврын атомын цахилгаан станц барина. Үүнийгээ ашиглаад боловсон хүчнээ бэлтгэж томоохон хэмжээний станц байгуулах ажээ. Ингээд монголчууд 2025-2035 он гэхэд атомын цахилгаан станцтай болно гэж судалгааны ажил хийж буй ажлын хэсгийнхэн мэдэгдсэн. Монгол Улс атомын цахилгаан станцтай боллоо гэхэд дэлхий нийтийн асуудал болж өнөөг хүртэл шийдэж чадахгүй байгаа цөмийн хог хаягдлаа яах вэ гэдэг зовлонтой тулгарна. Дээр нь манайхаас олборлосон ураны хог үлдэгдэл бидэнд бас л асуудал тарих болно. Учир нь олон улсын жишигт уран экспортолсон улсад нь хог хаягдлыг нь булшлах журамтай аж. Иймээс өнгөрсөн хавар "Монголын говь цөлд цөмийн хог булшилна" гэсэн мэдээлэл үнэн болж таарах нь.

Эх сурвалж: Ардчилал сонин

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(118.221.242.42) 2024 оны 09 сарын 24

хахаха та нарын тархиар бол нүүрсний станц барих тархигүй хэвтэж байж юун аюултай атомын станц вэ хахах хэдхэн хоноол дэлбэрнэ малууд аа битгий чадахгүй байж дээгүүр сэвээд бай. монгол эрчүүд дунд сургуулийн хими физик ойлгодоггүй тоонд муу чаддаг юм нь хулгай хийх. хахах хулгай хийж бүтээдэг эд биш шүү

0  |  0
туяа(118.221.242.42) 2024 оны 09 сарын 24

цөмийн цахилгаан станц ажиллуулах боломж байхгүй ядаж 1000 мэргэжилтэн хэрэгтэй байхгүй байхгүй байна тийм тархи монголд байхгүй монгол эрчүүд уншиж бичиж ч чаддаггүй бага ангийн тоо бодож чадахгүй бөөн алдаа хийдэг тэнэг мангуу хими физик ойлгодог толгой монголд хэдхэн. тэд нарыг арын хаалгагүй гэж ад үзэж дардаг бүгд гадаадад гарчихсан байна . та нар шиг тэнэг юмнууд ажилуулбал 3 хоноол дэлбэрнэ. маш их юм тохируулах ёстой болгоомжтой байс ёстой нарийн ажил

0  |  0
Top