Х.Сугир: "Ажнай" Д.Бат-Эрдэнэ "Тавантолгой"-д хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг хууль бусаар авсан

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байсан иргэдийн хувьцааг хууль бусаар өөртөө шилжүүлж авсан асуудлаар “Шударга ёс-Их говийн хөгжил” ТББ-ын тэргүүн Х.Сугиртай ярилцлаа.  


-Та өнөөдөр /өчигдөр/ “Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг байсан иргэд хувьцаагаа УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэд алдсан талаар мэдээлэл хийлээ. Энэ талаараа тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Эхлээд нэг зүйлийг тайлбарлаж, ярих нь зөв байх. "Таван толгой" ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг. Үйл ажиллагаа нь нүүрс олборлолт, борлуулалт, кокс үйлдвэрлэл болон гадаад, дотоод худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж. Таван толгой орд газар нь улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог. Тэр ч битгий хэл, дэлхийн коксжих нүүрсний 10 том уурхайн нэг юм. Энэ уурхай нь зах зээлийн нөхцөлд зохицуулахаар 1994 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын хурлын 42 тоот тогтоолоор орон нутгийн өмч давамгайлсан “Таван толгой” ХК болгосон байдаг.

Өнөөдрийн байдлаар “Таван толгой” ХК нь нийт 52 сая 665 мянга 200 ширхэг хувьцаатай. Энэ хувьцааны 51 хувийг буюу 26 сая 859 мянга 252 ширхэг хувьцааг Өмнөговь аймгийн иргэд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эзэмшдэг. Харин 49 хувь нь өмч хувьчлалаар хувьчлагдсан байдаг гэж ойлгож болно.

“Тавантолгой” ХК-ийн 49 хувийн хувьчлалын 20 гаруй хувийг нь “Ажнай” корпораци буюу УИХ-ын гишүүнээс нь түр түдгэлзүүлээд байгаа Д.Бат-Эрдэнэ  эзэмшдэг. Үлдсэн 20-иод хувийг нь “Ээрмэл” буюу “Шандас импекс” ХК эзэмшдэг юм. Түүнээс үлдсэн зургаахан хувийг нь л гадаад, дотоодын 2900-аад иргэн эзэмшдэг.

Одоогоор нэгж хувьцааны үнэ нь 10 орчим мянган төгрөг байна. Энэ 2022 оны балансаар бол “Таван толгой” ХК 150 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Ер нь бол “Тавантолгой” ХК нүүрсний борлуулалт сайн. Нүүрсний үнэ боломжийн байгаа үед бол хувьцаа эзэмшигчдэд олгодог ногдол ашиг их байдаг. Хувьцаа эзэмшигч иргэд нь өмч хувьчлалын цэнхэр тасалбараар болон шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өөрийн хөрөнгөөрөө “Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдаж авсан.

-Тэдний хувьцааг “Ажнай” Д.Бат-Эр­дэнэ луйвардаж авсан гэдэг нь үнэн үү?

-Тийм, 1995-2008 онд “Ажнай инвест” зэрэг брокер диллерийн компанид данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээгээ авч байсан. “Ажнай инвест”-ийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 1995 онд байгуулсан. Энэ бол хувийн компани, эзэн нь Д.Бат-Эрдэнэ өөрөө. Тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Д.Бат-Эрдэнэ ажиллаж байсан. Гэтэл тэр хувьцаа нь алга болчихсон. Нэг хэсэг нь мэдчихээд араас нь хөөцөлдөөд явж байна. Нөгөө хэсэг хувьцаагаа алдсан иргэд нь хөөцөлдөх арга, ухаанаа олохгүй өдийг хүрсэн.

Тэгээхэр энэ “Таван толгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаад тэр нь “Ажнай инвест” компаниар дамжиж алга болсон хүмүүс олон жил араас нь хөөцөлдсөн. Энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагаас олон удаа шийдвэр гарсан байдаг.

-Жишээ нь?

-Тухайлбал, “Ажнай инвест”-ийн брокер, диллерүүдийг тус компанийн удирдлагууд томилсон байж таарна. Тэд хувьцаа эзэмшиж байгаа хөрөнгийн эздэд мэдэгдэлгүйгээр хуурамч материал бүрдүүлж, хуурамчаар 4-5 гүйлгээ хийсний эцэст өөрийнхөө “Ажнай инвест” компанийн эзэн Д.Бат-Эрдэнийн дансанд бүх хувьцаа нь шилжиж орсон байдаг. Тийм ч учраас өнөөдөр Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн “Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 гаруй хувийг эзэмшиж байна.

-Таны ярьж байгаагаар бол хувьцааг нь хууль бусаар шилжүүлж авсан болж таарлаа. Тэдгээр иргэд хууль, хяналтын байгууллагад хандаж байсан юм болов уу?

-Тийм ээ, хандсан байдаг. Хувьцаагаа алдсан иргэд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд хандсан юм билээ. Тус хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгалт явуулсан байдаг. Шалтгалтаар “Ажнай инвест” компанийн диллерүүд нь иргэдийн дансанд байсан хувьцааг өмчлөх эзнийх нь итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр хуурамч арилжаагаар зарсан болохыг нь тогтоосон байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос хууль бусаар шилжүүлсэн 72 хэлцлийг хүчингүй болгож, тухайн үед гомдол гаргасан 23 иргэний үнэт цаасаар өмчлөгдсөн эрхийг сэргээсэн тогтоолыг 2008 онд иргэдийн өмчлөх эрхийг нь сэргээсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Бат-Эрдэнэ нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байдаг.

-Тэгээд яагаад хувьцаа эзэмшигчдийн талд гарсан хоёр шатны шүүхийн шийдвэр хүчингүй болчихсон юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж 2009 онд сонгогдсон. Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжав 2010 оны тавдугаар сард томилогдсон. Улсын Дээд шүүхээс хувьцаа эзэмшигчдийн талд гарсан хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Ингээд анхан шатны шүүхээс эхлүүлээд дандаа мөнгөтэй Д.Бат-Эрдэнийн талд шийдвэрлэсэн. Ингээд хувьцаа эзэмшигч, олон иргэд хохирч өнөөг хэр нь араас нь хөөцөлдөөд явж байгаа юм.

Дээр нь хэргийг шалгаж байсан цагдаа, байцаагч, түүнд хяналт тавьсан прокурор нар нөгөө талд илтэд давуу байдал олгосон байж болзошгүй гэж хувьцаа эзэмшигчид үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, “Ажнай инвест” эзэн Д.Бат-Эрдэнэ өөрийн ажилчдаараа хуурамч гэрээ хийлгэж, иргэдийн өмчилж байсан хувьцааг өөрийн дансанд байршуулсан үйлдлийг шүүх, прокурор дутуу шалгаж, гол холбогдогч Д.Бат-Эрдэнийг тойрч үлдээсэн гэж үзэж байгаа юм. Одоогийн шалгагдаж байгаа нүүрсний хулгайн эхлэл нь иргэдийн хувьцааг завшсан байдлаар эхэлсэн гэж бодож байна.
 



-Хувьцаагаа алдсан иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?

-Иргэдийн хувьцааг хууль бусаар дээрэмдэж, тэдний өмнөөс өнгөрсөн жилүүдэд ашиг хүртэж завшсан онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. “Таван толгой” ХК-ийн хувьцааг Д.Бат-Эрдэнийн данснаас жинхэнэ өмчлөгч нарын дансанд буцаан байршуулах, хувьцаагаа алдсан Өмнөговь аймгийн иргэдийг бүртгэлжүүлж, нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг хүргүүлсэн. Хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэций (64.119.24.46) 2023 оны 05 сарын 12

бузар дээрэмчиндээ! магадгүй алуурчинч байж болох. өмнөговьд юуч хийгээгүй. олигтойхон жорлонч барьж өгөөгүй. улцан пунцагийн хүү.

0  |  0
з(202.9.40.180) 2023 оны 05 сарын 11

Маш олон хүн хувьцаагаа луйвардуулсан, цагдаа, шүүх нь анх шударгаар шийдсэн байтал, дараа нь бүгдийг хүчингүй болгосон нь дэндүү шударга бус, хууль бус байгааг харуулж бна.

0  |  0
Top