Сэтгүүлчид эх орныхоо хилийг маналцав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Сэтгүүлч миний бие Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Гэвч хоёр настайдаа нутгаасаа гарч, их хотын иргэн болсноосоо хойш нутагтаа нэг ч удаа очоогүй байсан юм. Харин ХХЕГ болон МСНЭ-ээс хамтран зохион байгуулдаг "Сэтгүүлчид эх орны манаанд" аялалаар Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт байгалиар аялах, Онгоны отряд буюу Хилийн 0184 дүгээр ангийн ажил байдалтай танилцах, төрсөн нутагтаа очих томоохон завшаан тохиосон юм. Эх орны дархан хилийн манаанд үүрэг гүйцэтгэхээр ХХЕГ-ын мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн дарга хурандаа Ц.Гансүхийн удирдсан 30 гаруй сэтгүүлч долдугаар сарын 2-ны өглөө аян замдаа гарав. Аяллын багийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн үдэн гаргаж өгсөн нь сэтгүүлч бидэнд их урмыг хайрласан юм. Бидний туулах замын урт 1786 км. Аяллын баг хотоос гарч, Хэрлэн голын хөвөөнөө очиход хурандаа Д.Чулуунбаатар захирагчтай Хилийн 0252 дугаар ангийнхан хээрийн асартаа угтан авч, үдийн зоогоор дайлан хүндэтгэл үзүүлэв. Цэргийн ангийнхны дайлсан амттай хоолонд алжаалаа тайлсан бид аяллаа үргэлжлүүлж, Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг дайран өнгөрч, шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын "Тансаг" хэмээх зочид буудалд хоноглов. Эндээ өглөөний цайгаа уугаад Дарьганга сумыг зорилоо. Энэ л нутагт Шилийн богд, Талын агуй, Дуут нуур, Ганга нуур, Алтан овоо, Тоорой бандийн хөшөө, Оргихын булаг гэх үзэсгэлэнт газрууд байдаг. Тус суманд ирэхэд дэд хурандаа Ш.Баатарсүх захирагчтай Хилийн 0184 дүгээр ангийнхан Оргихын булагийн дэргэд угтан авч, бидэнтэй оройн зоог барив. Хээр барьсан зоогт хилчин бүсгүйчүүд цагаан цамц, хар банзлаар ижилсэн үйлчилж байсан нь аяллын багийнханд ихээхэн хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл мэт. Зоогийн дараа бид Шилийн богд уулыг зорин хөдөлж, гэгээ тасрах үед хойд хормойд нь төвхнөв. Энд тус ангийнхан бидэнд зориулан бэлдсэн урлагийн тоглолтоо үзүүллээ. Дуулж, бүжиглэж байгаа бүсгүйчүүдийг харах нь ээ, Оргихын булагт барьсан зоогийн үйлчилгээнд ажиллаж байсан бүсгүйчүүд байв. Өнөө цагаан цамц, хар банзал өмсөн үйлчилж байсан бүсгүйчүүд урлагийн хувцас өмсөн дуулж, бүжиглэх нь цаанаа л чадвартайгаа харуулах мэт. Ингээд бид шөнийн 03.00 цагийн үед Шилийн богд уулын оройгоос эх орныхоо өглөөний мандах нарыг харан, сүслэн мөргөлөө. Энд л хүн бүхэн өөрсдийн амьдрал, эрүүл мэнд, хувь заяагаа даатган залбирав. Шинэ өглөө ингэж эхэлсэн юм. Бидний хувьд энэ өдөр маш чухал. Учир нь аяллын гол зорилго болсон эх орныхоо хилийн манаанд үүрэг гүйцэтгэх торгон мөч ойртсоор. Аяллын багийнхан тус отрядын Бага бургасын заставт очиж, хилчдийн амьдрал, ахуйтай танилцах, хилийн манааны үүрэг гүйцэтгэх байв. Бага бургасын застав орох замдаа Сэнжийн уулын харуулаар дайран, тус хэсэгт байрлах Монгол Улсын хилийн 999 дүгээр баганад мөргөлөө. Энэхүү хилийн баганыг 2002 онд шинэчилсэн тухай хурандаа Ц.Гансүх сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Сэнжийн уулын харуулд дэд түрүүч Ч.Мөнхболд, байлдагч Э.Алтаншагай, Ч.Сүрэнхорол нар үүрэг гүйцэтгэж байв. Сонирхуулахад, дэд түрүүч Ч.Мөнхболд нь Зүүн өмнөд бүсийн хилчдийн цэрэг спортын наадамд 1950 удаа гэдэс таталт хийж, сүүлдээ шүүгчдийн шийдвэрээр тэмцээнийг зогсоож, алтан медаль авсан хоёр алба хаагчийн нэг нь байлаа. Эдгээр хилчид бидэнд морь, нохойтой хэрхэн үүрэг гүйцэтгэдэг талаараа үзүүлж сонирхуулсан юм.

Хилд төрсөн надад хилээ манах завшаан тохиолоо

Хилийн баганад мөргөж, хийморь лундаагаа сэргээсэн аяллын багийнхан Бага бургасын заставт ирлээ. Биднийг заставын дарга, дэслэгч Б.Гэрэлт-Од угтан, Монгол Улсын хил тайван байгааг ангийн захирагч, дэд хурандаа Ш.Баатарсүхэд илтгэв. Уг застав хугацаат болон гэрээт хилчдээр дархан хилээ хамгаалуулдаг юм билээ.

Заставын дарга дэслэгч Б.Гэрэлт-Од сэтгүүлчдэд гэрээт хилчдийн амьдрал ахуй, үүрэг гүйцэтгэлийн талаар танилцуулав. Тус заставт Дорноговь, Сүхбаатар, Увс, Дорнодоос ирсэн залуучууд тохилог байранд амьдарч, үүрэг гүйцэтгэж байна. Хилийн отряд, заставын удирдлагаас тэдний байр, ахуй нөхцөлд ихээхэн анхаарсан нь илт харагдаж байв. Хилчдийн байр компьютер, зурагт, цахилгаан зуух, ус буцалгагч зэрэг өдөр тутмын хэрэгцээний бүхий л зүйлээр хангагджээ. Мөн хилчид өөрсдөө хүссэн хоолоо хийж идэх гээд бүх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн нь зөвхөн албан үүргээ гүйцэтгэхээс өөр санаа зовох зүйлгүй. Хоёр жилийн хугацаанд хилээ хамгаалах тэд сарын 350 мянган төгрөгийн цалинтай. Цалингийнхаа 30-аас дээш хувийг хадгаламждаа хийж, хэрэгцээт мөнгөө бэлнээр авч зарцуулах эрхтэй гэнэ. Энэ тухайгаа ч хилчид ярьж байв.

Хилчдийн амьдралтай танилцсан хэн бүхэнд эх орныхоо дархан хилийг манах хүсэл төрдөг юм билээ. Сэтгүүлч бид ч хилээ манах торгон агшинг тэсэн ядан хүлээж байв. Энэ мөчид заставын дарга дэслэгч Б.Гэрэлт-Од биднийг жагсааж, хилийн манааны хуваарь танилцууллаа. Тэрээр манааны бүрэлдэхүүнийг жагсаан үүрэг даалгавар өгч, Монгол Улсын хилийг хамгаалах тушаал өгснөөр сэтгүүлч Б.Батчимэг би "Монцамэ" агентлагийн зураглаач Ч.Гэрэлт-Од, "Өдрийн шуудан" сонины сэтгүүлч У.Баярсайхан, Хилийн 0175 дугаар салбарын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Б.Саруул нартай хилийн манааны үүргийг 02.00-04.00 цагийн хооронд бүрэн зэвсэг, албаны морьтой гүйцэтгэсэн юм. Эх орны хилийг хамгаалахаар гарсан надад шөнийн түнэр харанхуй аймшигтай, хилийн баганы цаана харийн нутаг байгаа гэж бодохуй нуруунаас хүйт оргивч заставын  орлогч, туршлагатай хилчинтэй хамт үүрэг гүйцэтгэж яваадаа өөрийн эрхгүй тайвширч байв. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй эр хүн байтугай, эмэгтэй хүнд ч эх орноо хайрлах, хилчдээрээ бахархах сэтгэл төрдөг юм билээ. Хилчид маань дуу чимээ, гэрэл гэгээ гаргахгүй, хоорондоо нэг ч үг дуугаралгүй хэдэн метрийн зайд хатуу чанд сахилгын дор үүрэг гүйцэтгэдэг. Тэр ч журмаар сэтгүүлчид бид манааны ахлагчийн удирдлага дор үүргээ гүйцэтгэсээр хэдийнэ арван км газар туулжээ. Үүрэг гүйцэтгэж явахад хилчдийн хөдөлмөрийн хүнд хэцүүг мэдрүүлэх гэсэн мэт бороо орж, шинэхэн "цэрэг" биднийг хэсэг сандаргаад авсан юм. Хэдийгээр морь төдийлөн сайн унаж чаддаггүй би үүрсэн буундаа түүртсэн хэдий ч эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаадаа омогшин нэг л мэдэхэд үүрэг гүйцэтгэх хугацаагаа дуусган заставдаа ирлээ.

Заставын дарга, дэслэгч Б.Гэрэлт-Одод Монгол Улсын хил тайван байгааг илтгэснээр хилийн манааны үүргээ амжилттай гүйцэтгэж дуусав. Хилийн манаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн биднийг 0175 дугаар салбарынхан үдэн гаргаж, сэтгүүлчид хилийн 0184 дүгээр ангийг зорилоо. Тус ангид ирэхэд Соёл сурталчилгаа хариуцсан тасгийн дарга С.Бадрал биднийг хүлээн авч, ангийн үйл ажиллагаатай танилцуулав. Тэрээр манай анги сүүлийн таван жилийн хугацаанд гадаадаас хил зөрчсөн 82 хүнийг саатуулж, 37 удаагийн хилийн дэглэмийн, 18 хил орчмын зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэсэн. Мөн дотоодоос байгаль цаг уурын хүндэрсэн нөхцөлд болон хариулга маллагаагүйн улмаас бэлчээрээр улсын хилд тулсан 50349 толгой малыг хил дээр тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн. Ингэснээр ард иргэдэд учирч болох 10.5 тэрбум төгрөгөөс урьдчилан сэргийлсэн хэмээн ярьж байлаа.

Тус ангийн алдрын тасалгаатай танилцаж явахад гурван буу үүрэн марш тактикийн

тэмцээнд гүйж буй цэрэг эрийн зураг нүднээ нэг л содон тусав. Сайтар харвал тэртээ 1985 онд дэслэгч цол зүүн энэ ангид ажиллаж байсан аавын минь зураг байлаа. Дэд хурандаа С.Бадралд учрыг хэлж, зургийг би авч аавдаа өгөхөөр болов. Гэтэл ангийн захирагч, дэд хурандаа Ш.Баатарсүх дэд хурандаа С.Бадралд тус зургийг янзлан томруулж, өнгөтөөр угаалгахыг үүрэгдэв. Энэ жишээг дурдсан нь алслагдсан хилийн отряд техник технологийн эрин үед нийслэл хотынхноос дутахааргүй хөгжин дээшлэж байгааг илтгэж байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн юм. Нээрээ ч Онгоны отрядын тохижилт, өнгө төрх нь хотынхноос  дутахааргүй, хөгжлийн эрин үед зэрэгцжээ. Ангидаа өөрсдийн гэсэн "Сүлд" редакцийг байгуулсан байна. Тухайн редакциас сар тутам ангийн үйл ажиллагааны талаарх сэтгүүлийг бэлтгэн гаргадаг гэнэ. Мөн ангийн танилцуулгыг ч богино хугацаанд сүүлийн үеийн программ дээр бэлтгэн сэтгүүлчдэд танилцуулаад амжив.

Ингээд тус ангийн бие бүрэлдэхүүн аяллын багийнхантай хамтарсан үдэшлэг зохион байгуулж, нэгэн оройг хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлснээр аялал маань өндөрлөсөн юм.

Сэтгүүлч би өмнө нь ХХЕГ-аас өнгөрсөн тавдугаар сард Баянчандмань дахь сургалтын төвдөө УИХ гишүүд болон сэтгүүлчдэд зориулсан Хил хамгаалах байгууллагын ажил байдлын онцлогийг харуулсан үзүүлэх сургалтыг очиж сурвалжилж байсан удаатай. Тэнд үзүүлж харуулсан бүхэн нь хилийн отряд, заставт бодитоор харагдаж байсан нь ХХЕГ-ын ажил бүх шатандаа жигд явагдаж хэвшсэн юм гэсэн сэтгэгдлийг төрүүлэв.

Мөн аяллын бүхий л арга хэмжээ аргагүй л цэргийн байгууллагын төрхөөр цаг нартай, дэг журамтай явагдаж, ажилтан, алба хаагчид нь халуун дотноор угтан авч, найрсаг харилцаж байсан нь замын бидэнд сайхан санагдаж байсан юм.

Далай уудам орныхоо зүүн өмний хязгаар

Дарьганга нутгийн түмний энх амгалангийн манаа

Дайчин хилчдийн удамт амжилт бүтээлийн эзэд

Даяар суу алдарт Онгоны отрядаар аялуулсан ХХЕГ болон МСНЭ-ийн удирдлага, аяллын багийн ахлагч ХХЕГ-ын мэдээлэл соёл сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Гансүх, дэд хурандаа Ш.Баатарсүх захирагчтай хилийн 0184 дүгээр анги, дэслэгч Б.Гэрэлт-Од захирагчтай хилийн 0175 дугаар салбар, хурандаа Д.Чулуунбаатар захирагчтай хилийн 0252 дугаар ангийн хамт олон, хилийн 0303 дугаар ангийн хүний их эмч, ахлах дэслэгч Б.Ганцэцэг, аян замын турш хүрэх газарт саадгүй хүргэж байсан жолооч нартаа талархлаа илэрхийлье.

Монгол Улсын хил тайван амгалан байж, хилчид маань цог золбоотой байх болтугай.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top