Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж эхэлж буй “Шүгэл” ажиллагааны хүрээнд ХЗДХЯ-нд өнөөдөр (2023.05.12) "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт ЦХХХЯ, МҮОХ, АТГ, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, МҮБХ, Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын холбоо гэсэн Төрийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, тамирчид, эмч, сэтгүүлчдийн төлөөлөл оролцож, спортын салбар дахь допинг, авлигын талаар гурван цагийн турш ярилцав. Хэлэлцүүлэгт үндэсний бөхийн бөхчүүд тун идэвхтэй оролцсон бол харин бусад их спортын тамирчид бараг харагдсангүй. Уг нь тун хэрэгтэй, цаг үеэ олсон хэлэлцүүлэг байлаа.
Хэлэлцүүлгийг Шүгэл ажиллагааны ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо нээж, ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар удирдан явууллаа. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр “Олимпын оролцоо ба допинг” илтгэлдээ шинжилгээний дүнг маш хурдан гаргаж болно, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын оронд шинэ байгууллага байгуулахад болно гэсэн санаа гаргасан бол АТГ-ын ахлах комиссар Д.Цэнд-Аюуш 2019 онд явуулсан “Найраагүй наадам” судалгааныхаа дүнг танилцуулсан юм. Мөн АТШ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт спортын авлигын талаар заалт ороогүй байсан бол 2023-2030 оны шинэ хөтөлбөртөө энэ талаар тусгах болсныг мэдээлсэн.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын “Допингийн эрсдэл ба ирээдүй” илтгэлийн дараа нэлээд халуухан хэлэлцүүлэг болсон. Энэ нь ч аргагүй. Допингийн хэргийн талаарх үнэн худал мэдээлэл, цуурхал дунд хамгийн их хохирч байгаа нь бөхчүүд. Ц.Магалжав бөхчүүд допинг хэрэглэж байгаа явдлын хамгийн гол шалтгаан нь ёс зүй гээд стереод зэрэг булчингийн масс нэмэх бодис хэрэглэхэд тухайн үеийн дүрэм ихэд нөлөөлсөн гэдгийг тодотголоо. Харин одоо дүрэм өөрчлөгдсөнөөр жингээ нэмэх оролдлого багассан гэнэ. Үндэсний бөхчүүдийн хувьд булчингийн масс нэмэх, гэмтлээ хурдан эдгээх гэхдээ мэдлэггүйгээс хориотой бодос хэрэглэж байна гэдгийг онцолсон. Мөн хүчний бэлтгэлийн багш хэмээх 4-5 хүн бөхчүүдийг допинг хэрэглэхэд уруу татаж байна, тэднийг хориотой бодис хэрхэн оруулж ирдэг, хэрэглэдэг асуудлыг шалгахыг АТГ-аас хүслээ. Энэ жилийн аймгийн наадмын дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болсон гэдгийг дуулгалаа. Гарах зардал мөнгийг Засгийн газрын хуралдаанд ХЗДХЯ, ЦХХХЯ оруулж, шийдэхээр боллоо.
Ц.Магалжав “Үндэсний спортоос допингийн шинжилгээ авахаа болих хэрэгтэй гэж хэлдэг мэргэжилтэн, хүмүүс бий. Тэдэнд хэлэхэд шинжилгээ авахгүй бол удахгүй үндэсний бөх гэж Мутантаар дүүрсэн газар болно шүү. Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгах ёстой. 2019 онд нэр бүхий эмч нарыг АТГ-аас шалгасан ч замхраад алга болсон. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ажлын нягтлан шалгах нь ШҮГЭЛ ажиллагааны нэгэн хэсэг байх ёстой. Бөхчүүдийн сорьц хоёр жил дараалан ижил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ байгууллагыг үүсгэн байгуулагч Ж.Хатанбаатар гэгч хүн бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг ч таван жил барааг нь харсангүй. Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын холбоо ямар зорилготой байгууллага, юу хийдгээ тайлбарла. Та бүхний ажлаас олон хүний хувь заяа шалтгаалдаг. Зөв сайн ажиллахгүй бол танай байгууллагын оршин тогтнох хугацаа бага болно шүү гэдгийг хэлье. Бас нэг санаа зовоож байгаа зүйл бол аймаг, сумын наадмыг тухайн газрын төрийн албан хаагчид зохион байгуулдаг. Тэд аймаг, сумынхаа барилдаанд мөнгө авч бүртгэдэг, зарим бөхийг ялгаварлан гадуурхаж оруулдаггүй асуудал гарсаар байна. Жишээ нь, Налайх дүүрэгт 2 сая төгрөгөөр бүртгэдэг тохиолдол гарсан” гэж ярилаа.
Хэлэлцүүлэгт оролцсон бөхчүүд допингийн хэрэг, оногдуулсан шийтгэл зэрэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, 2003 оноос хойш бүх наадмын сорьцыг дахин шинжлүүлэх, ДНК-г тулгах санал гаргаж байлаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамгийн их шүүмжлэлд орсон газар нь Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага. Тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар илтгэл тавих байсан ч ирээгүй, оронд нь дэд захирал Д.Мөнхболд оролцсон. Тэрээр тавьсан илтгэлдээ цаг үеийн асуудал биш хэрхэн допингийн шинжилгээ авдаг талаар лекц уншсан нь хүмүүсийн цухлыг төрүүлсэн. Мөн допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг албан ёсоор шуурхай зарлахгүй, элдэв хэвлэлд мэдээлэл өгч, үл ойлголцол, хардалт үүсгэдэг, тамирчдын нэр хүндэд сэв суулгадаг гэж тус байгууллагыг шүүмжилсэн. Манай улс БНСУ-ын лабораторитой допингийн шинжилгээ хийх гэрээ байгуулсан, тэндээ хийлгэдэг ч яг гэрээ байгуулсанд эргэлзэж явдаг спортынхон олон байдаг ажээ. Учир нь тус лаборатори Монголоос ирсэн шинжилгээг хамгийн сүүлд, олон хоногийн дараа хийдэг ажээ. Хэрэв дүрэм журмаар нь гэрээ байгуулсан бол яагаад Монголын шинжилгээ хамгийн сүүлд хийгддэг, тус лабораторид үнэхээр мөнгө төлдөг эсэхийг үнэн зөвөөр нь хэл гэж шаардах хүн олон байлаа. Үнэхээр нэг оролцогчийн хэлснээр албан ёсоор Засгийн газарт тайлангаа өгдөггүй бол хэн ч сэжиглэх нь ойлгомжтой. Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын холбоо хэмээх байгууллага ч үйл ажиллагаа, эрх мэдэл тодорхой бус гэж хатуу үг нэлээд сонслоо.
Өнөөдөр ХЗДХЯ-наас "Допинг ба спортын авлига" хэлэлцүүлэг зохион байгуулсан нь цагаа олсон, зөв арга хэмжээ байлаа. Спортынхны хувьд олон арван жил талцан маргалдаад үр дүн гардаггүй байсан бол одоо харин төрийн төмөр нүүр, өөрөөр хэлбэл ХЗДХЯ, АТГ-тай хамтран, “Шүгэл” ажиллагааны хүрээнд салбараа допингоос цэвэрлэх, ядаж хууль дүрмээ тодорхой болгох боломж бүрдэж байгаа юм. Харин яриад мартдаг монгол зангаар биш ул суурьтай шуурхай ажиллах хэрэгтэй. Дараагийн хэлэлцүүлэгт энэ хэлэлцүүлгийн дараа хийсэн ажлаа тайлагнаж, бусад спортынхныг түлхүү оролцуулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )