Энэ жил Монголын Тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн дөрвөн их ой давхцаж, монгол зон сайхан наадлаа. Их ойнууд тохиосон энэ жилийн наадам урд жилүүдийнхээс өвөрмөц сайхан болсон. Учир нь энэ жил эрлийз морьд тусдаа уралдаж, 1024 бөх зүлэг ногоон дэвжээнээ хүчийг үзэн барилдаж, залуу бөхчүүд цол нэмж, түрүүлсэн гээд монголчуудын сэтгэлд нийцсэн сайхан наадам болж өндөрлөлөө. Уг нь монголчууд наадмын дараа намар гэдэг. Гэтэл энэ үг сүүлийн үед наадмын дараа наадам болж өөрчлөгдөөд байгаа.
Аймгуудын наадмын товыг харлаа. Энэ жил ч ялгаагүй наадмын өмнөх, дараах наадмууд олон байна. Зарим аймаг Улсын баяр наадмаас өмнө буюу түүнтэй давхцуулан наадамлажээ. Тодруулбал, Архангай аймгийн 88 жилийн ой долдугаар сарын 10, 11-нд, Булганы 73 жилийн ой 8, 9-нд, Орхон аймгийн 35 жилийн ой энэ сарын 8, 9-нд, Завхан аймгийнхан 88 жилийн ойгоо долдугаар сарын 11-13-нд, Сүхбаатар аймгийн 69 жилийн ой долдугаар сарын 6, 7-нд, Төв аймгийн 88 жилийн ой 9, 10-нд, Хэнтий аймгийн 88 жилийн ой 10, 11-нд болж өнгөрчээ. Энэ жил хэдэн аймгийн том ой давхцаж байгаа учраас Улсын баярын дараа наадмаа хийхээр төлөвлөсөн байна. Зарим аймаг ойгоо долдугаар сарын 22-нд хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, долдугаар сарын 22, 23-нд Дархан-Уул аймгийн 50 жилийн ой, Сэлэнгэ аймгийн 80, Хөвсгөл аймаг 80, мөн Өмнөговьчууд 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ жил Монгол Улсын 21 аймгийн 11-ийнх нь тэгш ой тохиож байгаа. Тэгш ойтой аймгуудын дийлэнх нь наадмаа долдугаар сарын 29-30-нд хийх юм байна. Энэ жил Говь-Алтай, Баянхонгор аймгийн 70 жилийн ой тохиож байгаа. Хоёр аймаг ойгоо долдугаар сарын 29, 30-нд тэмдэглэх гэнэ. Мөн Говьсүмбэр аймгийн 20, Дорнодын 80, Ховд аймгийн 80 жилийн ой долдугаар сарын 29, 30-нд тохиох аж. Харин Дундговьчууд аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоо долдугаар сарын 28-30-нд тэмдэглэнэ. Энэ жил Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт тус бүр долдугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар болжээ. Эдгээр ой бүрт хурдан морь уралдаж, хүчит бөхчүүд барилдах нь тодорхой юм. Үүнээс харахад аймгуудын ойд зориулсан наадам наймдугаар сарын эхээр өндөрлөх аж. Гэвч монголчуудын наадам тасрахгүй үргэлжлэх бололтой. Тухайлбал, "Молор-Эрдэнэ-555" хурдан морины уралдаан ирэх наймдугаар сарын 15-нд болох тухай зар сонсогдож байна. Түүнчлэн энэ жил 4000 бөх барилдана гэсэн яриа хүмүүсийн дунд байна. Үүнээс гадна хурим, найр, уул овооны тахилга, тайлга үргэлжлэх төлөвтэй. Ерөнхийдөө Монгол наадам энэ зун, намаржин үргэлжилж ч мэдэх нь. Ямартай ч наадмын дараах наадмууд Монгол орны дэлгэр зуныг чимэх бололтой. Гэвч энд нэг зүйлийг сануулаад өнгөрөх нь зүйтэй болов уу. Цаг нартай уралддаг олон ажил тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, зам засвар, дулааны шугам хоолой шинэчлэх гэх мэт цагт хавчигддаг их ажлууд наадмын тоосон дунд алгуурлаж, гээгдэж хоцрох вий гэсэн болгоомжлол байна. Малчид ирэх өвлийг өнтэй давахын тулд хадлан тэжээлээ базааж, харин төв суурин газрынхан нь түлээ түлш, тэр дундаа нийслэлчүүд утаагүй түлшээ нөөцлөөд авчихвал санаа зоволтгүй сайхан наадаж болно. Наадмын дараа наадам хөврөвч унаач хүүхэд, хурдан морьдоо бас гамнах хэрэгтэй байх. Наадмын дараа намар гэх үгийг өвгөд маань зүгээр ч нэг хэлээгүй ажээ. Энэ үгийн утгыг амьдралдаа хэрэгжүүлж ирсэн учраас монголчууд жил жилийн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж ирдэг ч байж мэднэ. Нэг ёсондоо Монгол наадмыг өвлийг өнтэй давсаны баяр гэж хэлж болно.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )