Ч.Хүрэлбаатар: Оны эцэс гэхэд төсвийн орлого ₮1 их наядаар нэмэгдэнэ гэж тооцсон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дараах мэдээллийг өглөө.

“Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгож байна.  Гэсэн ч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байна.

Монгол Улс анх удаа нүүрсээ биржээр амжилттай, ил тод, нээлттэй арилжаалж уурхайн ам нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсийг хил нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгаа юм. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байгаа.  Үнийн үр дүнд 2022 оны I улиралд 1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны I улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхий дахинд эрчим хүчний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөршид цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ 2023 оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байгаа гэв.

Засгийн газар эдийн засгийг сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататгаж чадвал  2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж инфляц 8 хувьд хүрч тогтворжих төлөвлөлт тооцоо хийсэн гэлээ. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарлаа хандуулан төрөлжүүлэх, гадаад нөхцөл байдлаас эдийн засгийн хамаарлыг дархлаа бий болгох нь дунд, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурь болно гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.187) 2023 оны 05 сарын 16

Гүй тэгвэл тэр мөнгөөрөө өрөө дар. Нөгөө янз бүрийн бондууд юу болж байгаа билээ? 1 трилион гэдэг 300 сая доллар. Энэ чинь тоо шүү дээ.

0  |  0
Top