ИНФОГРАФИК: Төсвийн орлого 1.8 их наядаар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 34.9 хувиар өсжээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 39.4 хувиар өссөн байна.

Татварын нийт орлого оны эхний дөрвөн сард  6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 40.2% өсжээ. Ингэж өсөхөд орлогын албан татварын орлого 866.0  тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 254.1  тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 227.1  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 91.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.
 


Сануулахад, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар хэлэхдээ, Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ 2023 оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байгаа гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top