Дэмбэрэл даргын хүлээн авахаас татгалзсан санал асуулгын дүн МАН, АН-ын удирдлагуудыг сандаргаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18


 

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ын нэрийг Дээд шүүхээр хүлээн зөвшөөрүүлж, намынхаа үйл ажиллагааг явуулах эрхтэй болсон ч МАН-ынхан нь дахиад зарга хийж эхлээд байна. МАХН-ын нэр, лого, туг зэргийг хууль бусаар эзэмшлээ гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байлаа. Шүүхийн шийдвэр нь наадмын өмнөхөн гарсан. Уг шийдвэр МАН-ын талд гарчээ. МАХН нь МАН-ын өмчлөлийг дур мэдэн авчихсан юм гэнэ. Мөн МАН-ын удирдлагууд Дээд шүүхийг ч бас буруутгаж байна. МАХН гэсэн нэрийг өгөх ёсгүй гэж үзжээ. Дээд шүүхийн гурвын гурван шүүгчийн гаргасан шийдвэрийг тэд эсэргүүцсэн бичгээ мөн саяхан илгээлээ. Дээд шүүхээс тэдэнд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь энэ хоёр намын маргаан мөддөө тасрахгүй бололтой. Гэвч Н.Энхбаяр энэ бүхнийг тоосон янзгүй уулын оргилд авирч, ард түмнийхээ санал асуулгын дүнг нэгтгэн, төрийн эрх баригчдад хаяглан илгээж, дараа дараагийн тэмцлийн ажлаа төлөвлөсөн шигээ алхаж явна. Бүх ард түмний их хуралдайг хэд хэдэн удаа зохион байгууллаа. “Өнөөгийн УИХ, Засгийн газарт итгэж байна уу, Таван толгойн ордыг ард түмний мэдэлд бүхэлд нь, 100 хувь өгөх нь зөв үү” гэсэн асуултаар санал асуулга явуулсан нь эрх баригчдад төдийлөн таалагдсангүй. Энэхүү санал асуулгын дүн ч тун гайхалтай гарчээ. Гайхалтай ч юу байхав дээ, монголчуудын маань санаа бодлын илэрхийлэл л болсон байна. Санал асуулгад сонгуулийн насны иргэдийн 53 хувь нь буюу 846 мянган хүн хамрагджээ. Тэдний 82,6 хувь нь “Өнөөгийн Засгийн газарт итгэхгүй байна” гэв. Мөн Таван толгойн орд газрыг 100 хувь ард түмний мэдэлд өгөхийг санал асуулгад оролцогчдын 83,8 хувь нь дэмжсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул ийм хариу өгөх нь аргагүй биз гэсэн судлаачид цөөнгүй. Хоёрхон асуултаар явуулсан энэхүү санал асуулга нь юутай ч Засгийн газарт хатуухан сануулга болов бололтой. Ямартаа л УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд уг санал асуулгын дүн болон бүх ард түмний их хуралдайгаас гаргасан шийдвэрийг хүргүүлэхэд авахгүй тойрч зугтаагаад байхав. Н.Энхбаяртангуудын санаа бол уг нь санал асуулгынхаа дүнг УИХ-ын чуулганд танилцуулж, тэндээс зохих дүгнэлт гаргуулах гэсэн юм билээ. Гэвч хаврын чуулган сонгуулийн тухай хуулийн маргаанаар өндөрлөв. Тиймээс намрын чуулган болтол хүлээхээс аргагүй болж байх шиг байна. Намрын чуулганаар ч дээрх судалгааны дүнг хэлэлцэх эсэхийг одоогоор таахад бэрх ажээ. Ард иргэд нь муу дүн тавьсаныг УИХ, Засгийн газар хүлээж авахгүй бол хүмүүст улам л таагүй сэтгэгдэл үлдэх байх гэсэн ажиглагч, судлаачид бас олон байна.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top