Б.Чинбат: Охиноо төрөхөд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Төгөлдөр хуурч, дуучин, хөгжмийн зохиолч, "Sweetymotoin хамтлагийн продюссер Б. Чинбатыг "Ярилцах танхим "-ынхаа зочноор урилаа.

-Юуны өмнө охинтой болсонд тань баяр хүргэе. Ямар нэр хайрласан бэ?

-Баярлалаа. Хөөрхөн охинтой боллоо. Мишээл гэдэг нэрийг ээж нь өгсөн. Америкт ч Мишээл, Монголдоо ч Мишээл нэрээрээ байна. Тэр хоёр минь Америкт байгаа.

-Эх орондоо хэзээ ирэв. Ажлаар ирэв үү?

-"Аравт" хэмээх уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор ажилласан юм. Тэгээд киноныхоо хөгжмийг хүлээлгэж өгөхөөр ирлээ. "Аравт" гэдэг кинонд Өвөрмонголын "Чингис хаан" кинонд тоглосон Баасан гэдэг жүжигчин тоглосон байна лээ. Бас Монголын алдартай олон жүжигчид тоглосон. Удахгүй нээлтээ хийх байх. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийсэн их сайн кино боллоо гэж бодож байгаа. Энэ нь Чингис хааны аравт цэргүүдийн тухай өгүүлдэг түүхэн кино юм.

-Түүхэн киноны хөгжим бичих, дууны ая зохиох хоёрын хооронд чухам ямар ялгаатай юм бол?

-"Аравт" киноны аяыг нэлээд бодож байж зохиосон. Удахгүй киноны цомог гарна. Би киногоор дагнасан хөгжмийн зохиолч байя гэж боддог. Энэ ч утгаараа Холливудад очоод Америкийн алдартай хөгжмийн зохиолч Хан Семир гэдэг хүнтэй дотно танилцсан. Ер нь Америкт хөгжмийн зохиолчийнхоо хувиар маш их зүйл сурч, мэдсэн гэж боддог. Тиймээс Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа киноны хөгжмийн урлаг нэг алхмаар урагшлах шаардлагатай болов уу гэдэг үүднээс "Аравт" гэдэг киноны хөгжмийг зохиосон юм. Бага хэмжээгээр ч болов урагшлах эхлэлийг тавьсан байх гэж хувьдаа бодож байна. Киноны хөгжим зохионо гэдэг их амаргүй. Кино минут, секунд, долиор хэмжигддэг учир мэдрэмж маш чухал байдаг. Харин киноны хөгжим сайн болсон эсэх эцсийн дүгнэлтийг үзэгчид өгөх байх.

-Та бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сард хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо талаар ярихгүй юу. Ер нь бие даасан тоглолтоо хийж байгаагүй байх аа?

-Ариунаа, Сарантуяа гээд Монголын рок, попын бүх ододтой хамтарч ажилласан. Би Лхагваа ахын дуулсан "Толин хул" дууны хөгжмийг шинэчилж бичсэн. Энэ дуу хүмүүсийн сэтгэл зүрхэнд хэдийнэ хоногшчихжээ. Гэтэл ийм олон дууны ая зохиосон хэрнээ бие даасан тоглолтоо хийсэнгүй. Анх "Цагаан, хар, цагаан" нэртэй дан төгөлдөр хуурын цомог болон дуулсан дууныхаа цомгийг гаргасныхаа дараа Америк руу явчихсан юм. Тэгээд уран бүтээлч болсных өөрийнхөө тоглолтыг хийхгүй бол болохгүй байх гэж бодсон л доо. Өөрийгөө олж авсан, дүгнэсэн он жилүүдээ Америкийн рок попын ертөнцөд нэвтэрч чадсан анхны монгол хүний хувьд тоглолтоороо илэрхийлье гэж шийдээд, зориод ажиллаж байна.

-Тоглолтод тантай хамтарч ажилладаг уран бүтээлчид оролцох уу. Тоглолтынхоо бэлтгэл ажлыг эхэлсэн үү?

-Оролцолгүй яахав. Монголын рок, попын чадварлаг, шилдэг уран бүтээлчид оролцоно. Дуучид, хөгжимчид, тайз, гэрэл гээд л бүх зүйл шилдгийн шилдгээс бүрдэх болно. Тийм тоглолт зохион байгуулахаар зорьж ажиллана. Америк явж ирчихээд тоглолтынхоо бэлтгэл ажилд орно.

-Америкийн шоу нэвтрүүлгээс төрсөн "од" нь жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний "од" болж чаддаг. Манайд ч мөн ийм шоу нэвтрүүлэг хийж байгаа. Эдгээр тэмцээнээс таныхаар жинхэнэ "од" төрж чадаж байна уу?

-Монголчууд дууч заяатай, авьяастай ард түмэн шүү дээ. Харин цаанаасаа дуучин байхаар төрсөн хүнийг одоохондоо олж хараагүй л байна. Гэхдээ ийм тэмцээн, наадам зайлшгүй байх ёстой юу гэвэл ёстой. Ялангуяа “Uneverse best songs!" уралдааныг явуулахад UBS телевиз сайн ажилласан. Ийм хэмжээний уралдааныг бид дэмжихгүй бол болохгүй. Иймээс уг тэмцээний хөгжим болон "Зүрхэнд гэрэлтэх од" киноны хөгжмийг би бичсэн.

-"Амжилтад хүрэхийн тулд 99 хувийг нь хөдөлмөрлөх хэрэгтэй" гэдэг. Хөдөлмөрлөхийн тулд сайн багштай байх ёстой. Харин та гарын шавьтай болсон уу?

-Одоогоор шавьтай болоогүй л байна.

-Шавьтай болъё гэж боддоггүй гэж үү?

-Ер нь шавьтай болох ёстой гэж боддог. Манай аав гавьяат жүжигчин, хуучирчин С.Батмөнх гэдэг хүн байсан. Монгол ардын дууг тоглох ур чадварыг дээд зэргээр илэрхийлдэг Монгол төрийн их найрал хөгжмийн гоцлол хөгжимчин, гайхамшигтай хуучирчин хүн байлаа. Монгол Улсыг төлөөлж дэлхийн бүх орноор явж тоглосон. Энэ бүгдийг эргээд харсан чинь миний аавын ур чадвар, тоглолтыг авч үлдсэн хүн байдаггүй юм билээ. Тиймээс л шавь бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Ялангуяа, ардын урлагийг эзэмших талаар залуу үе нь суралцаж үлдэх ёстой. Тэгэхгүй бол Монголын урлаг харамсалтай байдалд хүрнэ. Хэрэв надад чадах, мэдэх зүйл байвал үүнийгээ чөлөөтэй илэрхийлж, зааж сургах бодол бий.

-Цаашдаа хөгжмийн сургууль байгуулъя гэж боддог уу. Танаар төгөлдөр хуур заалгах гэсэн олон залуус үүнийг хүсэж байгаа байх?

-Их бэлгэшээлтэй асуулт байна. Энэ талаар бодож яваа. Саяхан гадаа алхаж явтал нэг хүн ирээд "Таны хөгжмийг сонсдог. Хөгжмийн сургууль байгуулбал хүүхдээ оруулна шүү. Заавал хөгжмийн сургууль байгуулаарай" гэж захисан. Танихгүй хүн зөрж өнгөрөхдөө ингэж хэлж байгаа болохоор бодож үзэх хэрэгтэй байх. Сургууль байгуулах талаар судалгаа хийх шаардлагатай учир энэ талаар судална.

-Та хэдэн хөгжим тоглодог вэ. Хөгжмийн зохиолчид маш авьяастай хүмүүс байдаг шүү дээ?

-Альт, хийл, габой, турба зэрэг бүх инструментийг тоглох чадвартай байж киноны хөгжмийн зохиолч гэж хэлэгддэг. Миний хувьд энэ бүгдийг тоглож чадна. Харин Холливудад томоохон кино хийхэд хөрөнгө мөнгө ихээхэн дутагддаг. Тиймээс Холливудад софтвэр гаргачихсан. "Аравт" кинонд гэхэд Холливудын бүх хөгжмийн зохиолчид ашиглаж байгаа софтвэрийг ашиглаж тоглосон. Үүнийг миний арван хуруу л тоглосон. Харин үзэгчдийн чихэнд хүрэхдээ 150 хүний оркестр тоглогдож байгаагаар сонсогддог юм.

-Төгөлдөр хуур хөгжим өөрөө хичнээн хөгжмийн зэмсгийг нэгтгэдэг билээ?

-Төгөлдөр хуур бол хаан хөгжим. 88 даралт дотор нь бүхэл бүтэн симфони эгшиглэдэг. Төгөлдөр хуурын 88 даралт бүгдээрээ миний хөгжимд ордог. Ялангуяа кинон дээр янз бүрийн байдлаар орно. Хаан хөгжим тоглохдоо хүн дөрвөн мөчөө салгаж удирддаг. Бас тоглож байгаа хөгжмөө үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдгээ бодох хэрэгтэй болно. Энэ мэт олон зүйлийг зэрэг сэтгэн бодох шаардлагатай. Уг хөгжмийг ном ёсоор нь сурч, тоглож чадвал хүнд амьдрал бэлэглэдэг, байгаль дэлхий, ижий, аавыгаа энэрч, хайрлаж сургадаг. Нэг үгээр хэлбэл хүнийг хүмүүжүүлдэг. Хүн төрөлхтний нандин сайхан бүхнийг төгөлдөр хуур гаргаж өгдгөөрөө хаан хөгжим гэж нэрлэгддэг болов уу. Би багш нартаа их баярлаж явдаг. Ийм сайхан хөгжим рүү хөтөлж орсон хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Цолмон багш минь юм. Монголд төдийгүй Азид нэртэй хүн. Мөн би багаасаа ардын хөгжим дунд өссөн болохоор Бадам ах, Норовбанзад гуайн тоглолт, дуулалт бүгд сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг.

-Та дэлхийн хэмжээнд Монголынхоо нэрийг цуурайтуулж байна. Монголоо сурталчилж, таниулж байна гэж болно. Харин танаар киноны хөгжим бичүүлье гэдэг санал Холливудын найруулагчдаас ирж байв уу?

-Ирж байсан. Энэ талаар нэг их ярьж байгаагүй юм байна. Холливудын найруулагч Бэн Баяор гэдэг хүний бүтээсэн баримтат киноны хөгжмийг зохиосон. Энэ кино олон наадмаас шагнал авсан юм. Уг киноны хөгжмийг бичсэн нь монгол хүнд тохиох аз надад тохиосон гэж боддог. Бас баярладаг.

-Та дэлхийн хэмжээний од Арета Франклинтай хамтарч ажилладаг. Америкийн ямар мужуудаар очиж аялан тоглолт хийж байв?

-Том, том шоу болдог бүх мужуудаар нь очиж тоглосон. Саяхан өөрийнхөө цомгийг гаргасан. Цомгийнх нь гурван дууг нь би продюсерлэж, хөгжмийг нь хийсэн юм. Үүнийг Монголын рок попын хөгжмийн түүхэн хуудаснаа үлдэх болов уу гэж бодож байна. Арета Франклинтай сүүлийн гурван жил аялан тоглож байна. Тоглолт бүхэн шинэ байдаг. Америкийн кино одууд, хөгжмийн зохиолчид Арета Франклиний тоглолтын дараа хүндэтгэл үзүүлж, уулздаг юм. Энэ үеэр одуудтай халуун яриа өрнүүлэх завшаан олддог. Америкт очоод Нью-Йорк, Пэнсилван, Нью Жерсид тоглолттой.

-Арета Франклин Монголд ирэх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Тэр хүн ирэхгүй. Би үүнийг яг хэлж чадна. Учир нь Арета Франклин онгоцоор нисэхээс их айдаг. Залуу байхдаа онгоцоор нисэж байгаад айчихсан юм шиг байна лээ. Нэг удаа гадагшаа тоглолт хийхээр бэлтгэлээ хийж байх үед нь аймшигт "Есдүгээр сарын 11"-ий халдлага болсон. Үүнээс хойш гадаадын орнууд руу явахаа больсон хүн. Харин Америк болон Канадын бүх хотуудаар аялан тоглодог.

-Рок попын залуу уран бүтээлчид дэлхийн хэмжээний болж  гарахад юунд анхаарч, бас хэрхэн хөдөлмөрлөх ёстой юм бэ?

-Монголын рок, попын ертөнцөөс Холливуд руу нэвтэрч орно гэдэг маш хэцүү. "Монгол хүнд аз байдаг юм" гэж продюссер Халиун хэлж байсан удаатай. Түүний   хэлснээр нээрээ аз байдаг юм билээ. Миний хувьд зүгээр байж байгаад Холливуд Холггп гг руу орчихсон юм биш. Би Америкт очоод клубын хөгжимчнөөс гараагаа эхэлсэн.      "Эмоушн" хамтлагтай гэрээтэй ажиллаж байсан компани хамтарч ажиллахын      хажуугаар клубт давхар ажилласан. Энэ хугацаанд англи хэл сурсан. Ингэж хөдөлмөрлөсний эцэст хүмүүстэй танилцаж, дараа дараагийн алхмууд тодорсон.

-Уран бүтээлчид үр хүүхдээ өөртэйгөө ижилхэн мэргэжилтэй болгохыг хүсдэг. Харин та хүүхдээ хөгжимчин болгоно гэж боддог уу?

-Тийм бодол бий шүү. Удам дамжсан уран бүтээлч гарч ирж мэдэх юм.      

-Охиноо Америкт  боловсрол эзэмшүүлж, тэндээ өсгөх үү?

-Бүх эцэг эхийн адил хаана сайн боловсрол байна түүнийг л   эзэмшүүлнэ   гэж   бодож байна. Монголдоо хайртай. Тиймээс нутаг руугаа байнга ирж байх болно.

-Монгол хэлээ эзэмшүүлнэ биз дээ?

-Сарнай бид хоёр монгол хэлээ заавал эзэмшүүлнэ гэж ярьсан. Мэдээж эх хэлээ сургах ёстой.

-Олон жилийн дараа аав болсон тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш гайхамшигтай байсан. Их сэтгэлийн хөдөлгөөнтэй учир ний нуугүй хэлэхэд уйлсан. Эх хүн, эмэгтэй хүнийг хайрласан. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн шүү.

-Барууны орнууд хүүхдээ төрсний дараа адислуулдаг. Барууны жишгээр та хоёр адислуулсан уу?

-Монгол хүүхэд учир адислуулаагүй.

-Ардын хөгжим рок попын хөгжмийн хооронд асар их ялгаа байгаа байх. Энэ бүх хөгжмийг зохиож байгаа хүний хувьд ялгааг нь хэрхэн олж харж, олон нийтэд гаргадаг вэ?

-Үнэхээр их ялгаатай. Би мэдээ орсон цагаасаа л хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулга дээр ардын хөгжим сонсож өссөн. Харин сургуульд ороод долоон настайгаасаа сонгодог хөгжим сурсан. Монгол хүн болоод ч тэр үү миний яс маханд ардын хөгжим шингэсэн байдаг.

-Монголчуудын хөгжмийн боловсрол ямар түвшинд байна вэ. Америкчуудтай харьцуулбал шүү дээ?

-Хөгжмийн боловсрол сайн шүү. Ялангуяа, социалист нийгмийн үед Орост төгссөн гайхамшигтай багш нарын нуруун дээр филармони, чуулгын үйл ажиллагаа өрнөж байна. Энэ багш нар сайн хөгжимчид төрүүлж чаддаг. Гэхдээ төрөөс анхаарч багш нараа гадаадын улс орон руу мэргэжил дээшлүүлж, суралцуулах хэрэгтэй гэж боддог.

-Хүн бүрт өөрийн гэсэн шүтэн биширдэг хүн бий. Таны хувьд хайрлаж, хүндэлж явдаг төгөлдөр хуурчид гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Олон хүн бий. Би хүний нэр тогтоохдоо их тааруу. Миний бодлоор хөгжмийн зохиолч хүн бүр дэлхийн бүх орны үндэсний хөгжмийг сонсож байх хэрэгтэй. Би Тажикстан, Энэтхэг, лалын улсуудын хөгжмийг сонсож, сонирхдог. Мөн шашны хөгжим, хөгжмийн зэмсгүүдийг судалж байгаа. Харьд амьдраад олон жил болсон болохоор өөрийн эрхгүй эх орноо санаж эхэлдэг. Энэ утгаараа шашны хөгжмийг сонсохоор сэтгэл нэг л гоё тайван болчихдог. Мэдээж ээж, аав, гэр бүлийнхээ төлөө залбирдаг. Гэхдээ өөр өөр арьс, ёс заншил, хэлтэй боловч дэлхий гэдэг нэг гэрт амьдарч байгаа учир дайн дажин битгий болоосой, амар амгалан байгаасай гэж би дандаа залбирдаг.

-Хэдий нэг гэрт амьдарч байгаа ч Америкт арьс өнгөний үзэл байдаг гэж сонссон. Тийм үү?

-Америкт төдийгүй дэлхийд ийм үзэл байхгүй. Арьс өнгөөр ялгаварладаг байх үеийн Америкт Арета Франклиний хийсэн гавьяа их. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр энэ дуучныг л ганцхан дуулуулсан юм. Мөн ёслолын үеэр Арета Франклиний дуулсан дууны хөгжмийг монгол хүний хувь заяагаар би хийсэн. Энэ хөгжмийг дэлхий даяараа сонссон. Миний нэр биш юм гэхэд Монгол Улсын минь нэр гарч байгаа гэж бодохоор их баярладаг шүү.

-Америкт оюуны өмчийг хэрхэн хамгаалдаг вэ. Манайд оюуны өмчийг төдийлөн сайн хамгаалж чаддаггүй нь ажиглагддаг?

-Шинийг сэтгэх чадвартай байж бусдын хөгжмийг хулгайлна гэдэг утгагүй. Энэ бол байж боломгүй асуудал. Би АНУ-ын хөгжмийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн. Мөн АНУ-ын хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн. Жишээ нь, "Аравт" киноны хөгжмийг аль нэг улсын радио, телевиз ашигласан тохиолдолд АНУ-ын хөгжмийн зохиолчдын нийгэмлэг хүчтэй арга хэмжээ авдаг. Монголчууд үүнтэй адил оюуны өмчөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Уран бүтээлийнхээ төлөө хөгжмийн зохиолчид өөрсдөө ажиллах ёстой. 

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top