Эрдоган: Турк улс, Туркийн ардчилал, 85 сая иргэн яллаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулж, гурав дахь удаагаа тус улсын төрийн тэргүүнээр сонгогдов.

Туркийн Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, Эрдоган 52.14 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Кемаль Кылычдароглу 47.86 хувийн санал авчээ. Анатолиа агентлагийн мэдээлснээр, 400 мянга орчим саналын хуудсыг тоолох үлдээд байгаа ч сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй аж.

Ерөнхийлөгчийн болон энэ сарын 14-нд болсон парламентын сонгуулийн дүнг албан ёсоор ирэх сарын 1-нд зарлах юм.

Режеп Тайип Эрдоган 2014 оны анх Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2018 он болон 2023 онд дахин сонгогдов. Түүнээс өмнө Туркийн анхны гурван ерөнхийлөгч гурав болон түүнээс дээш удаа дараалан сонгогдож байжээ. Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Мустафа Кемаль Ататюрк 1923-1938 оны хооронд, Исмет Инёню 1938-1950 оны хооронд тус бүр дөрвөн удаа сонгогдож байсан бол Махмуд Желял Баяр 1950-1960 оны хооронд Туркийн удирдаж байв. Режеп Тайип Эрдоган сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа “Туркт болсон сонгуульд ардчилал яллаа. Өнөөдөр ялагдагчид гэж байхгүй. Турк улс, Туркийн 85 сая иргэн яллаа” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top