Туркт ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган албан тушаалдаа үлдэх шанстай байгаа ч өрсөлдөөн ширүүссээр.
Түүхэн сонгуулийн сурталчилгаа
Эрдоганы хувьд ирэх сард болох сонгууль бэлгэдлийн чухал ач холбогдолтой. Тус улс Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 100 жилийг тэмдэглэж байна. Туркийн одоогийн төрийн тэргүүн өөрийгөө тойруулан төвлөрүүлсэн улс төрийн эрх мэдэл бүхий консерватив загварыг батжуулна хэмээн өрнөдийнхөн болгоомжилж байна гэж “Politico” онцолжээ. Туркийн сонгууль дэлхийн аюулгүй байдлын системийн хувьд сорилт болно. Шинэ Ерөнхийлөгч НАТО дахь Туркийн үүрэг, АНУ болон ЕХ-той харилцах харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага, Украины хямралд Анкарагийн үзүүлэх нөлөөллийг тодорхойлох ёстой.
Эрдоганы гол өрсөлдөгч нь сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч “Туркийн Ганди” хэмээгддэг Кемаль Кылычдароглу юм. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, тэрбээр илүү дэмжлэгтэй байна. Тэрбээр Эрдоганаас 10 хувиар илүү санал авах төлөвтэйг зарим судалгаа ч харуулжээ.
Сөрөг хүчний төлөвлөгөө
Кылычдароглу ялсан тохиолдолд системийн өөрчлөлт хийхийг амлаж байна. Авторитар засаглалаас багийн ажилд шилжих шилжилт болно. Энэ бол илүү ардчилсан үйл явц гэж нэр дэвшигчийн гадаад бодлогын зөвлөх Юнал Чевикез мэдэгджээ. Кылычдароглу энэ багийг удирдана.
Туркийн сөрөг хүчин 2018 онд царцсан ЕХ-нд элсэх тухай яриа хэлэлцээг сэргээж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Анкарагийн хувьд энэ бол хүнд асуудал. Турк улс “Европын нэг гэр бүл”-ийг байгуулах эхэнд зогсож байсан ч өнөөг хүртэл гишүүн нь болоогүй л байна. Шалтгаан нь Кипр дэх газар нутгийн маргаанаас гадна Европын Холбооны шүүмжлэлд өртдөг шүүхийн шинэчлэл зэрэг Эрдоганы явуулж буй дотоод бодлоготой холбоотой.
Кылычдароглу Европын шүүхийн хүний эрхийн талаарх шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж амлаж байгаа. Тус шийдвэрээр Эрдоганы гол хоёр дайсан болох курдыг дэмжигч Ардын ардчилсан намын тэргүүн Селахаттин Демирташ болон бүх насаараа хориглох ял авсан хүний эрхийн төлөө тэмцэгч Осман Кавалуг чөлөөлөхийг уриалсан юм. “Энэ бүгд манай холбоотнууд болон Европын орнуудад Турк ардчиллын замд эргэн ирсний дохио болох юм” гэж Чевикез ярьжээ.
Гэсэн хэдий ч ийм нөхцөл байдалд Туркийн Европын Холбоонд нэгдэх тухай яриа хэлэлцээ сэргэх нь эргэлзээтэй. Тус улсад барууныг эсэргүүцэх хандлага хүчтэй байна гэж АНУ-ын зөвлөх үйлчилгээний “Teneo” компанийн үүсгэн байгуулагч Волфанго Пикколи үзэж байна. Кылычдароглуг өрнөдийн бүтээл хэмээн харж байна. Сөрөг хүчний ихэнх амлалт нь популист шинж чанартай. Тус эвсэл дотроо үзэл бодлын зөрчилтэй байгаа аж. Гадаад бодлого нь эвслийн дотоод уур амьсгалаас шалтгаална гэж Пикколи үзэж байна. Түүний хэлснээр, одоогоор эвсэл нь Эрдоганаас салах нэг л хүслээс өөр нийтлэг зүйл үгүй намуудын нэгдэл болоод байна.
Үүнээс гадна Европт шинэ удирдагчтай ажиллах хүсэл харагдахгүй байна. ЕХ-ны гишүүн орнууд Европын Холбооны үнэт зүйлс, хэм хэмжээнээс зайгаа барьж, өөрийн замаар замнаж байгаа үл нэгдсэн Туркийн байр суурьт хэдийн дассан гэж Брукингийн хүрээлэнгийн шинжээч Аслы Айдынташбаш тодруулжээ.
Турк ЕХ-нд элсэх асуудал хойш тавигдаж байгаа ч гаалийн холбоо, визийн дэглэмийг либералчлах, дүрвэгсдийн тухай хэлэлцээр зэрэг хамтран ажиллах салбар олон бий. Дүрвэгсдийн талаар баримтлах бодлогыг ЕХ-той зөвшилцөх учиртай гэж Чевикез онцолжээ. Европын олон улс орон Туркийг зүүнээс орж ирэх цагаачдыг тогтоон барих “усан сан” мэтээр харж байна. Мэдээж хэрэг Турк үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
НАТО-ийн сорилт
Турк улс Швед, Финландын НАТО-д элсэх өргөдөлд хориг тавьсан ч хожим нь Финландад ногоон гэрэл асаасан. Харин сөрөг хүчин Шведэд тавьсан хоригийг цуцална хэмээн амлаж байна.
Шинжээчид Эрдоган дахин сонгогдвол Шведийг Умард Атлантын эвсэлд оруулж магадгүй гэж үзэж байна. Газар хөдлөлтийн дараа холбоотнуудын үзүүлсэн тусламж үүнд хувь нэмэр оруулна. Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрагим Калыны хэлснээр, шведүүдийн өмнө хаалга хаагдаагүй. Гагцхүү Стокхолм Анкарагийн шаардлагыг биелүүлэх ёстой.
Өрнөдөд үүнийг НАТО-г шантажлах арга хэмээн харуулахыг зорьж байгаа ч Туркийн шинжээчид үүнтэй санал нийлэхгүй байна. Швед нь үнэхээр Курдистаны Хөдөлмөрийн нам болон Эрдоганы хувийн дайсан болох Фетхуллах Гюленд идэвхтэй тусалдаг. Тиймээс Анкара бодиттой баримт тавьж байна.
АНУ, Туркийн харилцаа бас нэг асуудал. 2019 онд Анкара Оросын “С-400” системийг худалдан авсны дараа тус хоёр улсын харилцаа муудсан. АНУ Анкарагийн энэ алхмыг НАТО-ийн нисэх онгоцнуудыг эрсдэлд оруулж байна гэж харж байгаа юм. Үүний хариуд Вашингтон Туркийг “F-35” сөнөөгч онгоц үйлдвэрлэх хөтөлбөрөөс хассан билээ. Харин Туркийн сөрөг хүчин Туркийн оролцоог сэргээхийг зорьж байна. Ингэх үндэслэл бий. Гуравдугаар сард Кылычдароглу АНУ-аас Туркт суугаа элчин сайд Жеффри Флейктэй уулзаж байсан. Энэхүү уулзалт Эрдоганы дургүйцлийг хүргэсэн. Тэрбээр АНУ-ын дипломатчийн өмнө “хаалга хаана” хэмээн сүрдүүлсэн. “Ирэх сонгуулиар бид АНУ-д сургамж өгөх ёстой” гэж Эрдоган мэдэгдэж байсан билээ.
Өрсөлдөгчдийн боломжууд
Вашингтон сөрөг хүчний ялагдлыг Эрдоганыг сонгууль будлиантуулсан хэмээн буруутгах шалтаг болгон ашиглана гэж зарим шинжээчид таамаглаж байна. Энэ тохиолдолд АНУ Кылычдаруглоуг Туркийн шинэ Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэх аргагүй.
Гэвч Турк дахь сонгуулийн өмнөх уур амьсгал сонгуулийн дүнг луйвардахад амаргүй гэдгийг харуулж байна. Газар хөдлөлтөд өртсөн хотуудын захирагч нар сөрөг хүчний байр суурь баримталдаг. Истанбулд хүртэл сөрөг хүчин дэмжлэг сайтай.
Эрдоган тэргүүтэй эрх баригч нам мөн л гараа хумхин суугаагүй. Сөрөг хүчнийг дэмждэг хотын захирагч нарыг газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах төвтэй хамтран ажиллахаас татгалзаж байна хэмээн идэвхтэй буруутгаж байна. Орон нутгийн эрх баригчид найдваргүй барилгуудад зөвшөөрөл олгож байсан нь эрх баригчдад өөрт ашигтайгаар эргүүлэх боломж олгож байна. Сонгуулийн сурталчилгаа болгон Эрдоган метроны шинэ шугамаас авхуулаад “Аккую” атомын цахилгаан станц зэрэг хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлнэ гэж амлаж байна. Тэрбээр өдөр тутам шахуу ард иргэдтэй уулзалт хийсээр.
Харин сөрөг хүчин Эрдоганыг, түүний намыг Туркийн үндэсний валютын ханш унасанд буруутай гэж мэдэгдэж байна. Энэ асуудалд ч Эрдоганы сонгогчдын дэмжлэгт найдаж болно. Түүний өрсөлдөгчид Олон улсын валютын санг оруулахыг санал болгож байгаа. Харин ОУВС нийгмийн халамжийг танахыг санал болгодог. Эрх баригчдын байр суурь энэ асуудал дээр илүү тодорхой. Туркууд Эрдоган нийгмийн халамжийн бодлогоосоо татгалзахгүй гэдэгт итгэдэг.
Сэтгэгдэл ( 0 )