Хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм. Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.
Өнгөрсөн 2022 онд хүүхэд хохирсон зам тээврийн осол 810 бүртгэгдэж, 76 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Хүүхдэд учруулсан бэртэл гэмтлийн 77.6 хувь нь хүүхэд хамгаалалтын бүс зүүгээгүй, зориулалтын суудалд суугаагүй зэрэг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байгаа юм.
Мөн 16.2 хувь нь хүүхэд явганаар зорчиж яваад осолд өртсөн байна. Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг ЗХУТ-өөс уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )