"Төсвийн орлого оны эцэст ₮1.7 их наядаар давж биелэх төлөвтэй"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг танилцуулах илтгэлийг Ерөнхий сайд, төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.

2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарчээ. Эдийн засгийн нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг аж. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдав.  

Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давсан байна.  

Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг тэрбээр илтгэлдээ дурдсан юм.

Төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Давж биелж буй 1.7 их наяд төгрөгийн төсвийн орлогыг нийслэлийн түгжрэлийг шийдэх “Холбоос зам”-ын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байгаа гэв. Мөн энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгажээ. Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. 

Түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгажээ. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохоор төсвийн тодотголын төсөлд тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголын төслийн талаарх илтгэлдээ онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд-Эрдэнэ(124.158.65.215) 2023 оны 06 сарын 10

Элбэгдорж гэж гуйлгачинг хэн хаанаас ухаж гаргаж ирж гай тариваа.АН гэж алуурчид,дээрэмчид,хулгайч луйварчид цугларсан нам байхгүй байсан бол Монгол улс аль хэдийн Азийн бар болох байжээ.Да.Ганболд элгээр нь мөлхүүлнэ гэж амалсандаа хүрч чадаад бид өнөөдөр арай гэж өнгөрсөн 30 жилд АН-нхны мдэж уусан эвдэж сүйтгэснийг засч залруулж явна шүүдээ.Одоо ч АН бас сонгуульд бэлтгэж байна гэнэ дахиж мэлэгдэхгүй болсондоо

0  |  0
Top