Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцэх үеэр Б.Баттөмөр гишүүн, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн параметрүүдийг хэрхэн тооцож байгаа, төсвийн тодотгол инфляцад ямар хэмжээний нөлөөлөл үзүүлэх, өсөлтийг бүтээмжтэйгээ хэрхэн уялдуулж байгаа, мөн орлогын өсөлтийг хөгжилд чиглүүлэх талаар хэрхэн төлөвлөх байгаа талаар асуулаа.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа, "Ковид цар тахлын дараа энэ жил огцом өсөлт гарч байна. 2019 онд ДНБ-ий хэмжээ 38 их наяд байсан бол өнөөдөр 60 их наяд хүрлээ. 2024 онд үүнээс давна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3-4 жилийн дотор хоёр дахин өсөж байна гэсэн үг. Манай эдийн засгийн 80 хувь нь уул уурхайгаас, шууд бус хамаарлаа оруулах юм бол 90 гаруй хувь хамаарч байна. Ийм бүтцээр бид эдийн засгаа цаашид тогтвортой, урт хугацаанд өсгөнө гэж ярих нь учир дутагдалтай. Тийм учраас эдийн засгаа солонгоруулах, өөрсдөө үйлдвэрлэдэг, экспортолдог, тэгээд л валютаа олж ирдэг, эдийн засгийн дараагийн нэг уналт, дараагийн тахал гарахад өөрөө өөрийгөө аваад явж чадах эдийн засгийн бүтэцтэй болох ёстой" гэлээ.
Мөн тэрбээр "Төсвийн зарлага нэмэгдэж байгаа учир үүгээр дамжаад хэрэглээний импорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт нэмэгдэнэ. Үүнийг саармагжуулахын тулд экспортоо нэмэгдүүлэх, хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлагатай. Үүний тулд эрчим хүч, дотоодын үйлдвэрлэл, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг ойрын болон дунд урт хугацаанд хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )