Улсын Их Хурлын өнөөдрийн /2023.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголын төслийг баталлаа.
Нийгмийн чухал ач холбогдолтой энэхүү шийдвэрийг гаргасантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Олон удаагийн хэлэлцүүлэг Улсын Их Хурлын түвшинд өрнөсний үр дүнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгох шийдвэрийг гаргалаа. Энэ бол халамжийн мөнгө биш, эх орныхоо баялгаас хүртэж байгаа хишиг юм. Өөрөөр хэлбэл, Ирээдүйн өв сангаас хүртэж байгаа хишиг” гэж хэлэв.
Улсын төсвийн орлого давж биелэхэд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль үлэмж хувь нэмэр оруулсан гэдгийг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглээд, иргэн бүрийн хүртэх ёстой эх орны хишгийг ард иргэдэдээ хүртээмжтэй болгоё гэдэг үндсэн зарчим бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зарчим шүү. Баялгаа “баялгийн хараал” болгохгүй, ерөөл болгохын тулд Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, гадаад дотоодын шилдэг менежментийн багаар удирдуулж, “Нүүрсний хулгай”, “Баялгийн хулгай” гээд байгаа энэ эх захгүй асуудлаа цэгцэлж байж, ард иргэдэд өгөөжөө өгнө шүү дээ. Ийм учраас төсвийн хуулийн дараа батлах тогтоолдоо Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай шийдвэрлэх асуудлыг тусгая. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш одоог хүртэл ярьсаар байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль одоо болтол хэлэлцэгдээгүй байна. Энэ асуудлаа яаравчилъя. Сангийн яам, холбогдох хүмүүс анхаарна биз ээ” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )