Төсвийн тэнцэл ₮1.4 их наядын ашигтай гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 19

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 37.5 хувиар өсжээ. 

Харин тэнцвэржүүлсэн орлого 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөг буюу 43.2 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны тавдугаар сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 602.6 (48.3%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, 668.1 (59.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ  тавдугаар сард 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 295.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (44.0%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 953.4 (74.3%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 318.2 (28.7%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 306.6 (21.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 95.1 (25.1%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод оны эхний таван сарын байдлаар орлогын албан татварын эзлэх хувь  өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 5.7 нэгж 
хувиар тус тус өсөж, харин нэмэгдсэн өртгийн албан татварынх 3.8 нэгж хувиар, онцгой албан татварын орлогынх 3.3 нэгж хувиар, нийгмийн даатгалын орлогынх 2.1 нэгж хувиар, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.2 нэгж хувиар тус тус буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top