УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсөвт тодотгол хийсэнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.06.20/ мэдээлэл хийлээ.
Тэрээр “Бидний анхаарах ёстой нэг асуудал инфляцын түвшин 10 хувиас дээш гарсан. Одоогийн байдлаар 11.3 хувьтай байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол Улсад инфляцын түвшин 10-аас дээш хувьтай байснаараа иргэдийн бодит орлого 5.9 хувиар буурсан.
Тэгэхээр энэ удаагийн Төсвийн тодотголын хүрээнд зөвхөн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогын дэмжсэн төсвийн тодотголыг хийхийг зорьж, УИХ, Засгийн газрын зүгээс тодорхой орлогын түвшинтэй уялдуулж, судалгаа хийсний үндсэн дээр тодотголыг УИХ-аар баталлаа.
Бид зөвхөн цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтод халамжийн тэтгэмж болон нийслэлийн тохижилт гэсэн таван асуудал дээр төвлөрч, 1.896.4 тэрбум төгрөгийн тодотголыг хийсэн.
Энэ тодотголын хүрээнд онцлох хоёр гол асуудал байна. Нэг нь олон жилийн хугацаанд бугшмал байсан, олон жилийн алдаа оноог засаж залруулах өөрчлөлтийг хийж байна. Энэ нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудал байна. Хоёрдугаарт, нийгмийн хамгаалал буюу тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой асуудлууд байгаа.
Тэгэхээр үүнийг зөв болгох суурийг УИХ, Засгийн газар хамтарч хийлээ. Төрийн байгууллагуудын цалингийн нэгдсэн реформ энэ удаагийн төсвийн тодотголоор хийгдэж байгаа.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хуулиар цалингийн зохицуулалтуудыг хийж байсан. Үүнийг зайлшгүй арилгах шаардлагатай байсан. Төрийн албан хаагчдын нэмэгдлийг нийтдээ 103 хуулиар зохицуулагдаж байгаа. Үүнийг цаашдаа зөвхөн Төрийн албаны хуулиар буюу ганцхан хуулиар шийддэг байх, нэгдсэн нэг бодлоготой байх зохицуулалт үндсэндээ төсвийн тодотголын хүрээнд хийгдэж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
САЙН ЭЦГИЙН МУУ МӨНГӨНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ ЭНЭ ХҮНИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ БОЛОВ УУ ИХ Л ХИЧЭЭЖ БАЙЖ УДАМ СУДРАА САЙН НЭРТЭЙ БОЛГОХ БАЙХ