Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам, нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан 1,500 орчим уран бүтээлчид оролцож байна.
Арга хэмжээг зохион байгуулах багийн гишүүдийг танилцуулбал:
Ерөнхий найруулагчаар Б.Анар /Скин энтертайнментын найруулагч/, Уран бүтээлийн найруулагчаар А.Чингүн /УДЭТ-ын найруулагч, СТА/, Хөгжим, уран бүтээлийн найруулагчаар Д.Мөнх-Оргил /333. энтертайнментын ерөнхий найруулагч, Жонон хамтлагийн ахлагч/, Бүжгийн ерөнхий найруулагч, продюсераар Ш.Баасан /Монголиа энтертайнментын үүсгэн байгуулагч, СТА/, Ерөнхий продюсераар Э.Ганболор /Скин энтертайнмент/, Гүйцэтгэх продюсераар Д.Цэрэнсамбуу /УДЭТ-ын захирал, УГЗ/, Гүйцэтгэх продюсераар Н.Батхуяг /333. энтертайнментын ерөнхий продюсер/, Хөгжмийн зөвлөхөөр Ц.Чулуунбат /Төрийн соёрхолт, УГЗ/, Менежментийн зөвлөхөөр Н.Ганболд /Жи энтертайнментын үүсгэн байгуулагч/, Уран сайхны удирдаачаар Р.Тулга /Скин энтертайнмент/, Ерөнхий зураачаар Б.Тэгшсүрэн /Лимон продакшнын сцен зураач, СТА/, Ерөнхий бүжиг дэглээчээр Л.Баттөр /ЦДБЭЧ-ын Уран сайхны удирдаач, хошууч/, Хөгжийн зохиолч, найруулагчаар Б.Цогбаяр /Жонон хамтлагийн лимбэчин, СТА/, Б.Чинбат /УГЗ/, Ц.Байдраг нар, Тайзны найруулагчаар Б.Батцэрэн /333. энтертайнментын тайзны найруулагч/, Зургийн даргаар Б.Жаргалсайхан /УДЭТ-ын жүжигчин, АЖ/, Ерөнхий менежерээр О.Анужин /Скин энтертайнментын менежер/, Ерөнхий зохион байгуулагчаар С.Энхболд /УДЭТ-ын Маркетинг, төлөвлөлтийн албаны дарга/, 3D тайзны зураачаар Д.Түвшин /Скин энтертайнмент/ нар ажиллаж байна.
Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршихыг бэлгэдэж нэрлэсэн “Эв мөнхийн тусгаар Монгол” нээлт, хаалтын үйл ажиллагаанд Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэн харуулах юм. Эдгээр зургаан бүлгийн агуулгыг танилцуулбал:
Монгол орны дөрвөн зүг найман зовхист орших төрийн тахилгат 12 хайрхнаа алдаршуулан аргадаж, сүр хүчээр бадраан тахих бол бидний өвөг дээдсийн хүчирхэгжин мандсан XIII зууны эв эеийг сахих сургаал нь Монголчуудын нийгэм, төрийн оршихуй, тэнгэрлэг зарчим төдийгүй хүний өөрийнх нь мөн чанартай холбогдож, нийгмийн нэгжээс эхлэн олон улсын хүрээнд байх ёстой зохистой хэм хэмжээг учирлан “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн ардын зүйр цэцэн үгнээс улбаатай Алунгоо хатны эв эеийг сахих сургаал, “Монголын нууц товчоон”-д дурдсанчлан эв эеийг сахиж төгөлдөржин хүчирхэгжихийг бэлгэдэх, эвлэлдэн нэгдсэн ард түмэн гэх утга санааг илэрхийлнэ.
Энэхүү уул хайрхдын магтуу шинэ дуу нь төрийн тахилгатай Бурхан халдун, Хан Хөхүй, Отгонтэнгэр, Суварга хайрхан, Сутай хайрхан, Алтан хөхий, Алтайн таван Богд, Сутай хайрхан, Их Богд, Ноён уул, Говь гурван сайхан, Алтан овоо хайрхдад зориулсан этник магтлага дуу байх бөгөөд тухайн 12 нутаг усны онцлог хөгжмийн зэмсгийг шингээн багтаасан байна.
Эцэг өвгөд, дээдсээс уламжлагдан ирсэн бидний үнэт өв, бахархалт дүр төрх, түүхийн гайхамшиг, нүүдэлчдийн хосгүй хувь тавилан, бусдаас ялгарах ялгамж бүхнийг алдаршуулан бадрааж бахархуулан сэрээхэд энэ үзэгдлийн гол зорилго оршино.
Монгол түмний байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцэн мөнхөд амьдрах гүн утга агуулга нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд их түүх соёл уламжлалаа үл мартан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго дор дэлхийд ганцхан наран дор баярлан наадах “Эрийн гурван наадам” хийж бахархал омогшлоо бадрааж, нэг үндэстэн нэгэн цул гэсэн нэгдмэл сэтгэлгээний чанар бий болгож, түүнээс оюун санааны эрч хүч, энергийн төвлөрөл бий болж дараа жилийн наадам хүртэл хүн ардын бие бялдар хүчирхэг бат бөх, холч мэргэн ухааны охь, бодол санаа тэнүүн, хурдан шаламгай, туйлдашгүй хүчтэй байхыг бэлгэдэл болдог юм гэсэн агуулгыг харуулах юм.
Бидний угсаатан, ястны түүх уламжлал, зан заншил, өв соёлын утга чанар үндэстний онцлог, нэгдмэл чанар зэргийг товойлгон үзүүлж, цаад агуулгаараа нүүдэлчин удмынхны тэмцэл ялалт, оршин тогтнохын үндэс суурь, ирээдүйн зүй тогтол, хөгжил хөдөлгөөнийг өнөө цагийн нүдээр харж, өргөн утгаараа уламжлал шинэчлэлийг болон Ардын дууны далд гүнзгий утга санааг бүжиг, зан үйл, түүхэн үйл явцтай хослуулан харуулах зорилго, санааг агуулсан билээ.
XXI зууны залуус бид гадны соёлыг даган бишрэхээс илүүтэй дэлхийн хаана ч үгүй өөрсдийн түүх, өв соёл, зан заншил, үнэт зүйл, үндэсний онцлогийг урлагаар дамжуулан орчин үеийн техник технологитой хоршуулж хамтатгаж чадваас дэлхийн бүх оронд эх орноо сурталчлан таниулж байлдан дагуулах дундаршгүй өв их эрдэнэ буйг мэдрүүлэх явдал билээ.
Энэхүү үзэгдэл нь ХХ-XXI зууны орчин үеийн хөгжмийн хөгжил, дэвшлийн тухай өгүүлэх юм. Үндсэн санаа нь Олон Улсад өөрсдийн уламжлалт аялгуу, хэв шинжид шингээн төгөлдөржүүлж, төрөл зүйлд хувирган, урсгал чиглэл, онцлогийг харуулна. Монгол гэдэг нэрийн дор дэлхийд гарах зорилго өвөртөлж нэгэн зүгт харж нэгдэж чадваас “ЭВИЙН ХҮЧЭЭР МӨНХӨД ТУСГААР ОРШИХ МОНГОЛ” болох учраас урлагаар дамжуулан дэлхийн улс орнуудыг морин хуурын хоёр чавхдасаар уярааж чадах ард түмэн гэдгийг дахин сануулахыг зорьсон бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл байх юм.
Дэлхийн хөгжил дэвшил, цаг хугацаа дунд өнөөдөртэй мөр зэрэгцэн оршин буй, монгол ёс заншил, ёс жудаг, эрхэмсэг амьдралын баялаг сайхан уламжлал, түүний мөн чанарыг ойлгуулан таниулахаар Дэлхийн бүхий л улс үндэстэнд дэлгэсэн тэрлэг шиг газар нутгаа дэлгэн нээж хүндэтгэн угтаж буйг илэрхийлэн үзүүлэхийг зорьсон байх болно.
“Эв мөнхийн тусгаар Монгол” Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын агуулга, онцлогийн тухай найруулагч, зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн төлөөлөлтэй хйисэн ярилцлага:
Сэтгэгдэл ( 0 )