Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар ₮5.1 их наядын 12.576 зөрчил илрүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 06

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2023.07.06/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар тайлант онд нэгдсэн төсвийн бодлогоо есөн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллалаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Аудитаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 17 их наяд 126.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 18 их наяд 159.6 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2 их наяд 891.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 32.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувийг эзэлж байна. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 6 их наяд 152.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 393.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1369 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аудит хийж, гүйцэтгэлийг дүгнэсэн гэдгийг танилцуулгадаа онцолсон.

Мөн Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6618 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд төсвийн 57 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Өөрчлөлтгүй 40, Хязгаарлалттай 17 дүгнэлт өгсөн байна гэлээ.

Дараа нь Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Улсын Их Хурлын  гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсөвт байгууллага, төсөл, төрийн сангийн 5958, Засгийн газрын тусгай сангийн 22, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн 140, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн 428 байгууллагын тайланг хамруулсныг сайд танилцуулгадаа дурдаад дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь 2022 онд инфляц, төлбөрийн тэнцлээр дамжин манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон гэлээ.

Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны эцэст эдийн засаг 4.8 хувиар өсөж, гадаад валютын албан нөөцийг 3.4 тэрбум ам.долларт хүргэж, инфляцыг 13.2 хувьд хүргэн тогтворжуулсан гэв.

Мөн Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанаар "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтүүдтэй танилцсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд төрийн аудитын байгууллагас хязгаарлалттай, сөрөг дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн захирагчдад хариуцулага тооцсон, эсэх  Монгол Улсын төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт хэдэн төгрөгийн зөрчил илрүүлснийг илүүтэй тодруулж байлаа. 

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд 26.5 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 239 албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг холбогдох дээд шатны албан тушаалтанд хүргүүлсэн. 30 тэрбум төгрөгтэй холбоотой 25 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнээс 22 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах 147 санал хүргүүлээд байна. Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын хувьд 4.4 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан бөгөөд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах 92 санал хүргүүлж, нэг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн” хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийтдээ 5 их наяд 108.4 тэрбум төгрөгийн 12576 зөрчил илрүүлсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон онцгой бүрэн эрх нь улсын төсөв батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх асуудал байдгийг дурдаад төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хууль эрх зүйн орчинд үүссэн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах, хариуцлагыг нь сайжруулах төсвийн сайн засаглалыг бүрдүүлэх хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа талаар санал хэлсэн. Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдэд Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэлийн дүн, батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлтэй зөрж байгаа тул төслүүдэд дүн шинжилгээ хийх, хуулиудын давхардал, хийдлийг арилгах, хариуцлагыг сайжруулах зорилгоор холбогдох хуульд өөрчлөлт оруулах, мөн Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан төсвийн хяналтын сонсголыг төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлэгтэй уялдуулан зохион байгуулах шаардлагад нийцүүлэх зэрэг асуудлыг  Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган Засгийн газарт чиглэл болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Дараа нь "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.7-д “Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэсний дагуу "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" болон "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор  санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Энэ талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Danh hetsuu huuhed(192.82.74.177) 2023 оны 07 сарын 06

Ene bol medeejiin denduu todorhoi asuudal.yarih ch yum bish

0  |  0
Top