АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа нийт 72 сая гаруй ам.долларын хандив цуглуулаад байна. Хандивын хэмжээ нь Бүгд найрамдах нам дахь түүний өрсөлдөгчдийнхөөс хэд дахин илүү юм гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Цагаан ордны тэргүүн асан энэ оны долоодугаар сарын сүүл гэхэд нийт 72,6 сая ам.долларын хандив цуглуулснаас 61 сая ам.доллар Трамп 2022 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд оролцох тухай зарласнаас хойш оржээ. Флорида мужийн амбан захирагч Рон Десантис 17.2 сая ам.доллар, АНУ-аас НҮБ-ын дэргэд сууж байсан байнгын төлөөлөгч асан Никки Хйели 13.9 сая ам.долларын хандив тус бүр цуглуулжээ. Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс дөнгөж 888 мянган ам.долларын хандив цуглуулаад байна.
Трамп мөн хандивлагчдын тоогоор тэргүүлж байна. Түүнд нийт 450 мянга орчим хүн хандив өргөсөн бол Десантист 86 мянган хүн хандив өргөжээ. Ингэхдээ Трампын сонгуулийн сурталчилгаанд хандив өргөсөн хүмүүсийн 92 хувь сунгаанд оролцож бусад өрсөлдөгчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй байна гэж Блүмберг агентлаг онцолсон байна.
Энэ сарын 16-18-ны хооронд CBS телевиз “YouGov” компанитай хамтран явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Трампын эсрэг шинэ хэрэг үүсгэх тутамд түүний нэр хүнд өсөж байна. Социологийн судалгаанд оролцогчдын 62 хувь Трампыг Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжсэн бол Рон Десантис 16 хувийн дэмжлэг авчээ. Ингэснээр Трамп өрсөлдөгчөөсөө 46 хувийн дэмжлэгээр тэргүүлж байна. Долоодугаар сартай харьцуулахад энэ үзүүлэлт найман пунктээр өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )