Элчин сайд нар, ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгчдөд ирэх оны төсвийн талаар танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан болон танхимын сайд нар Монгол улсад суугаа элчин сайд нар болон ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Энэ удаагийн уулзалтыг 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө анх удаа хийж байгаагаараа онцлог юм. 

Уулзалтаар Монгол Улсад суугаа элчин сайд нар болон ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгчдөд ирэх оны төсвийн бодлого чиглэлийг танилцуулж, цаашид төсвийн төсөл боловсруулалтын үе шатанд хамтран ажиллах талаар санал солилцлоо.  

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусгагдсан бодлогын арга хэмжээний тухай болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгч, элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөллийн асуултад хариулт өглөө. 

2024 оны төсвийн төсөл эдийн засгийг тэлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд: 

• Экспортыг нэмэгдүүлэх
• Хот, хөдөөгийн сэргэлт
• Иргэдийн орлогыг хамгаалах 
• Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт 
• Ирэх 4 жилд нэг хүнд ноогдох үндэсний орлогыг 6 мянган ам.доллар болгох эдийн засгийн суурийг дэмжиж баталгаажуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 

Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2023 онд нийт 140 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Шинэ сэргэлтийн бодлоготой уялдан хэрэгжиж буй 96 төсөл хөтөлбөр байна. 

Үүнд нийтдээ 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг энэ онд багтаан олгоно.  

Цаашид шинээр эхлэх гадаадын зээл, тусламжийн төслүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллахаар Засгийн газар зорьж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top