Moнгол Улсын төсөв сангийн бодлогын нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл, үр ашгийг нэмэгдүүлэх тухай асуудал олон жилийн туршид яригдаж ирсэн. Эдийн засгийн суурь асуудлууд бүтэцдээ байгаа учраас нэг хоёр жилийн төсвийн бодлогоор бүгдийг шийдэх бодит боломж хомс.
Гэхдээ төсвийн бодлогыг улс орны хөгжлийн бодлоготой уяж, хэрэгжүүлж чадвал эерэг үр дүнгүүд наашлах боломжтой юм.
Тэгвэл Засгийн газраас өргөн бариад буй 2024 оны төсвийн төлөвлөлт, бүтцийг харахад хөгжлийн бодлоготой уялдуулжээ. Тодруулбал, эдийн засгийн багтаамжийг бодит утгаар нь тэлж, иргэдэд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Хот, хөдөөгийн сэргэлтийн хэрэгжилтийг түргэтгэхэд, мөн Шинэ сэргэлтийн бодлого, бизнесийн орчныг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлэхэд, 2024 оны төсвийн бодлогоор тухайлан анхаарчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр ДНБ-ий 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад авчирлаа" хэмээн саяхан мэдэгдсэн билээ.
Тэгвэл ирэх оны төсвийн бодлогоор Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжсэнээр, эдийн засгийг бүхэлд нь сэргээх цогц бодлогоо татварын орчноор дэмжсэнээр ДНБ-ий өсөлтөөс гадна өсөлтийн хүртээмжийн цар хүрээ тэлэх юм.
Тодотгоход, Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр 2024 оны төсвийн төслийг сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ үеэрээ тэрбээр, энэ дөрвөн жил нийгэм, эдийн засгийн хувьд маш хариуцлагатай үе болж буйг дурдсан.
Эхний хоёр жил нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байж, их том сорилттой нүүр тулсан бол сүүлийн жилийн хугацаанд геополитикийн асуудал манай улсын хувьд нэлээд хүнд туссан. Гэсэн ч Засгийн газрын зүгээс шат дараатай эдийн засаг, эрүүл мэндээ аврах, эдийн засгаа тогтворжуулах, өсөлтийг бий болгох, ил тод болгох арга хэмжээнүүдийг авч ажилласан. Үүний үр дүн ч гарч эдийн засаг тогтворжиж буйг тэрбээр хэлсэн.
Мөн тэрбээр, энэ дөрвөн жилд гадаад өр, зээлийн хувьд ч сүүлийн 33 жилийн хугацаанд хамгийн их төлөлт хийсэн үе байсныг тодотголоо.
Ерөнхийдөө амаргүй сорилтуудтай жилүүдийн ард Монгол Улс гараад байна. Урд өшөө сорилтууд хүлээж буй ч сүүлийн дөрвөн жилд төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн нөлөөллөөр эдийн засагт ололттой үзүүлэлтүүд цөөнгүй гарч байна.
2022 оны жилийн эцсээр макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан бол энэ 2023 онд мөн эерэг үзүүлэлтүүд давамгайлж байна. Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн 2024 оны эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүрнэ гэж төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийг дэмжих төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд нийтдээ 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1050 төсөл, арга хэмжээ улсын хэмжээнд хэрэгжихээр төсвийн төсөлд тусгажээ.
Мөн төсвийн төсөлд нүүрсний экспортыг 60 сая тонн, инфляцыг 8,5 хувьд хүртэл бууруулахаар тусгажээ.
Засгийн газраас ирэх 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод биржээр арилжаалах, хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн нийт орлогыг 27.2 их наяд төгрөг хүрнэ гэж тооцжээ.
Зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнийг 9000 ам.доллар, экспортын биет хэмжээг 1,5 сая тонн, төмрийн хүдрийг 84 ам.доллар, биет хэмжээ нь 8,4 сая тонн, газрын тосыг нэг баррель нь 83 ам.доллар, 4,8 сая тонныг экспортолно гэж төсөлд тусгасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
ТЭЦ-ээ бариач ээ. Эгийн голын УЦС-аа явуулаач. ахиад л багийн төвд соёлын төв, 200 хүүхэдтэй сургуульд 600 хүүхддийн багтаамжтай сургууль барихаа болиоч ээ Идэж уухаа багасгаач