Израилын арми Хамас бүлэглэлийн эсрэг бүрэн хэмжээний хуурай газрын давшилтын ажиллагаа явуулахад бэлэн гэж мэдэгджээ. Газын зурвас хэзээ ч өмнөх шигээ болохгүй гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант мэдэгджээ.
Израил Газын зурвасын хүнс, ус, түлш, цахилгаан хангамжийг таслан, Хамас бүлэглэлийн объектуудад их буугаар болон агаараас хүчтэй цохилт өгч байна. Тус бүлэглэл Израил бөмбөгдөлтөө үргэлжлүүлбэл Израилын болон гаднын барьцаалагдсан хүмүүсийг хөнөөнө хэмээн сүрдүүлж байна.
Израилаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Гилан Эрданы мэдээллээр, Газын зурваст энэ сарын 7-нд Хамас бүлэглэлийн халдлагын үеэр барьцаалагдсан 100-150 хүн байна.
Израилын арми Газын зурвастай залгаа хил дээр олон зуун мянган явган цэргийн бие бүрэлдэхүүн болон хуягт танкны анги нэгтгэлүүдээ төвлөрүүлээд байна. Гэхдээ цэргийн командлал нөхцөл байдлыг хурцатгахыг яаралгүй, Хамас бүлэглэлийг ялах нь хэдэн хоног эсвэл хэдэн долоо хоногийн асуудал гэж анхааруулж байгаа юм.
Газын зурвас дахь хуурай газрын ажиллагаа хэрхэн өрнөж, Израилын арми ямар хүндрэлүүдтэй нүүр тулах вэ?
Газын зурвас нь Газар дундын тэнгисийн эрэг дээр оршдог Палестины нутаг дэвсгэр ба Израилаас асар хүчтэй хаалтын системээр тусгаарлагддаг. Нийт 363 кв км талбайтай Газын зурвас 2.2 сая гаруй хүн амтай. Газын зурваст өндөр барилгууд байдаггүй ба намхан барилга, байшингууд нь шигүү байрладаг. Мөн хэдэн арван мянган зэвсэглэсэн исламууд.
Хамас бүлэглэл нь 40 мянган цэрэгтэй. Ингэхдээ армийн шинжтэй бүлэглэлийн гишүүд хатуу сахилга баттай, байнгын бэлтгэлтэй. Газын зурвас дахь газар доорх хонгил олон арван км үргэлжилдэг гэж Израилын цэргийн шинжээч Давид Шарп ВВС агентлагт ярьжээ. Мөн Газын зурваст 10 мянган дайчинтай “Исламын жихад” бүлэглэл бий. Исламын жихад болон Ливаны Хезболла бүлэглэлүүд 7-150 км зайн тусгалтай 15 мянга гаруй пуужинтай.
Маш хүнд даалгавар
2005 онд Газын зурвасаас Израилын цэргийг гарган, еврейчүүдийг нүүлгэн шилжүүлснээс хойш Израилын арми тус бүсэд дор хаяж найман удаагийн цэргийн ажиллагаа явуулж байсан. Эдгээр ажиллагаа нь бүгд цаг хугацаа болон цар хүрээгээрээ хязгаарлагдсан, пуужингийн цохилт, Израилын нутаг дэвсгэрт халдах оролдлогын хариу өгөх зорилготой байжээ. Удаан хугацаанд бус ч асуудлыг шийдэж байж.
Харин одоо үүсээд буй нөхцөл байдал огт өөр. Араб, Израилын дайнаас хойш Израил ийм олон хүнээ алдаж байгаагүй. Тиймээс бямба гарагийн халдлагыг палестинчуудын ээлжит халдлага гэхээсээ илүүтэйгээр Израилын оршин тогтнолд заналхийлэл хэмээн хүлээн авч байна.
Тиймээс хариу арга хэмжээ ч асар хүчтэй байв. Израил Хамас бүлэглэлийг тэр чигт нь устгах, юуны өмнө Израилд төдийгүй АНУ, Их Британи болон Европын холбоонд террорист бүлэглэл хэмээн үздэг цэргийн жигүүрийг устгахыг төлөвлөж байна. Энэ бол тодорхой зорилт. Зурвасыг бүхэлд нь эсвэл бараг бүхэлд нь хяналтдаа авах гэж Давид Шарп тодруулжээ.
Бусад чиглэлээс ч Израилд аюул ирж байна. Юуны өмнө Ливанаас. Тус улсад Хамас бүлэглэлээс илүү хүчтэй Хезболла бүлэглэл байрладаг. Мөн Сири болон баруун эргээс.
Израилын арми туршлагатай, сайн зэвсэглэсэн, нэгэн зэрэг олон фронтод байлдах чадвартай. Тус арми ганцаараа хэд хэдэн бүлэглэлийг “учрыг олж” байсан. Харин өдгөө Газын зурвасыг хэрхэх вэ гэдэг асуудал тавигдаж байна.
Нэгдүгээр хувилбар: уламжлалт
Израилын арми хуурай газрын довтолгооныхоо өмнө их буугаар замыг нь засдаг. Юун түрүүнд цэргийн объектуудыг устгана. Галын дэмжлэгтэй хуягт танк, явган цэргүүд тал талаас дайрна. Үүнтэй зэрэгцэн дайсны харилцаа холбоог тасалж, гол гол байршил болон газар доорх хонгилууд руу орох гарцыг устгах эсвэл хаадаг байна. Эцсийн үе шатанд дайсны үлдсэн цэргүүдийг устгаж, удирдагчдыг нь барьж авна. Израилд хийсэн халдлагыг зохион байгуулагчид үүнийг авч үзсэн байж таарна. Мэдээж хэрэг үүнд сайтар бэлтгэсэн байх учиртай.
Газын зурвасын газар нутгийн онцлог нь нээлттэй. Хамгийн энгийн хэрэгсэл, Хятадын хямд дроноор хүртэл цэрэг, техникийн төвлөрлийг илрүүлэх боломжтой. Хуурай газрын ажиллагаа явуулах шийдвэр гарвал гол чиглэлүүдэд минажуулах нь тийм ч аюултай бус. Учир нь Израилын армид минагүйжүүлэх орчин цагийн хэрэгслүүд хангалттай бий.
Шигүү суурьшсан хотын нөхцөлд хөнгөн зэвсэглэсэн хөдөлгөөнт бүлгүүд илүү үр дүнтэй байдаг байна. Хамгаалалтад орсон тал газар нутгаа сайн мэддэгээс гадна зэвсгийн агуулахтай ба нутгийн иргэдийн дэмжлэгт найдах боломжтой. Харин давшигч тал цэргийн техникт найдахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл хотын нарийн гудамжинд эдгээр техник нь илүү эмзэг болно. Мөн газар доорх хонгил Израилын армид асуудал үүсгэнэ. Палестины инженерүүдийн хүчин зүтгэлийн ачаар эдгээр хонгилууд өмнөх шигээ тийм ч энгийн биш болсон. Газыг зурваст газар дор бүхэл бүтэн хот бий болжээ. Газар доор барьцааны хүмүүсийг нууж байж болзошгүй тул тэднийг суллах ажиллагааг улам хүндрүүлж байна.
Хоёрдох хувилбар – хориглолт
Үнэн хэрэгтээ хориглолт ид өрнөж байна. Газын зурвасын түлш, цахилгаан хангамжийг таслаад байна. Хориглолтод бэлдсэн бүлэглэлд удаан хугацаанд асуудалтай тулгарахгүй. Харин энгийн хүн ам тун удахгүй үр дагаврыг нь амсана. Ийм нөхцөлд илүү зөөлөн мэт санагдаж буй шийдвэр цэргийн ажиллагаанаас ч илүү хүнд үр дагавартай байх талтай. Хот богино хугацаанд өлсгөлөн, халдварт өвчинд нэрвэгдэх аюултай. Тиймээс хүмүүнлэгийн коридорыг яаралтай нээж, дүрвэгсдийг байрлуулах хуаран байгуулах шаардлагатай. Газын зурвасын хүн ам нь 2.2 тул Израил ганцаараа шийдвэрлэж дийлэхгүй хэмжээний хүмүүнлэгийн хямрал үүсэж болзошгүй. Тиймээс Израилд бүх буруу тохогдоно.
Гэхдээ хориглолт нь хурай газрын ажиллагааг орлохгүй. Израил ийм ажиллагаа явуулахаас өөр арга байхгүй. Хамас бүлэглэлийн дайчид өлссөндөө гараа өргөн гарч ирнэ гэвэл гэнэн хэрэг болно.
Муу болон маш муугаас сонголт хийх нь
Израил яг ийм байдалд ороод байна. Хамас бүлэглэлийн цэргийн жигүүр өнөөдрийнх шиг хэзээ ч ийм хүчтэй байгаагүй. Бүлэглэлийн дайчид болон удирдагчид хотын нөхцөлд дайтах туршлага хуримтлуулж, сайн зэвсэглэсэн.
Хамас бүлэглэлийн удирдагч, илүү идэвхтэй гишүүдийг устгасан ч Израил, арабын ертөнцийн харилцаанд үүсэх асуудлыг нимгэлэхгүй.
Газын зурвас дахь ажиллагааны цар хүрээгээрээ 2015-2016 оны Иракийн Мосул хотын төлөөх тулаантай харьцуулахуйц болох талтай. Хоёр сая хүнтэй хотын төлөөх тулаан есөн сар үргэлжилж, олон мянган хүн амь үрэгдэж, сая гаруй хүн дүрвэсэн билээ. Хуурай газрын цэргийн ажиллагаа богино хугацааны амжилтад хүргэнэ. Хамас бүлэглэлийн ихэнх удирдлагыг устгана. Гэхдээ энхийн хэлэлцээр байгуулахгүй бол Хамас бүлэглэл дахин сэргэж, хилэгнэсэн, хэт даврагч үзэлтэй залуу дайчдын шинэ үеэр эгнээгээ тэлж болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )