Хиймэл оюун ухаан нь уран бүтээлчдийн хувьд туслах хэрэгсэл үү эсвэл уран бүтээлийнх нь дайсан уу? Генератив хиймэл оюун ухааны эрин үед уран бүтээлчдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж, зохиогчийн эрх нь хэрхэн хамгаалагдаж байна вэ? “Copydefend” сервисийг үүсгэн байгуулагч Кирилл Кнауб хиймэл оюун ухаантай ажил төрлийн холбоо тогтоох гэж буй хүмүүст зориулж “Forbes” зөвлөгөө өгчээ.
Айдсын хүчин зүйлс
Ямар ч асуудалгүй, асар богино хугацаанд текст зохиох чадвартай генератив хиймэл оюун ухаан гарч ирснээр бүтээл туурвих үйл явцад хүний гүйцэтгэх үүргийг харах өнцгийг огцом өөрчилжээ. Уран бүтээлийн хямрал уу? Цагаан цаасны айдас уу? Материал, практик мэдлэг эсвэл цаг зав дутагдаж байна уу? Энэ бүх асуудлыг ChatGPT, Dall-E, Midjourney зэрэг генератив хиймэл оюун ухаан шийднэ. Таны даалгаврыг сонссон даруйд хиймэл оюун ухаан нийтлэл, хичээл эсвэл дасгалынх нь төлөвлөгөөг гаргана. Тэр энгийн текст бичиж, ном бичихэд шаардлагатай материал цуглуулан, дизайны төсөлд нь зөвлөгөө өгч, программ зохион, цахим хуудас бүтээнэ. Үнэндээ энэ шидтэй үйл явцад ч сүүдэртэй тал бий. Хиймэл оюун ухааны эрин үед машины хөдөлмөр амьд хүнийг бүрэн орлоно гэсэн айдас өнөөдөр хэзээ хэзээнээс тулгамдаж байна.
Хиймэл оюун ухаан юугаараа аюултай вэ
Хиймэл оюун ухааныг хэтэрхий өргөнөөр ашиглавал шинэ контент бүтээх ажил хяналтаас гарч, зохиогчгүй шинэ зохиолууд гарч ирнэ. Хиймэл оюун ухааныг сургалтын мэдээлэл, зураг, текст хөгжим зэрэг оюуны үйл ажиллагааны үр шимээр “хооллодог”. Хүний ухамсраас ялгаатай нь хиймэл оюун ухаан ингэснээр илүү боловсролтой эсвэл илүү ухаалаг болдоггүй. Түүний гол даалгавар нь тухайн бүтээлийн суурь болох математик загварыг хадгалах явдал. Тийм ч учраас хиймэл оюун ухааны бүтээсэн урлаг нь үргэлж хоёрдогч байдаг. Гэвч машиныг ухаалгаар ашиглан, хүн өөрөө идэвхтэй оролцвол тухайн бүтээл онцгой, зохиогчийн бүтээл болох боломжтой.
Хиймэл оюун ухааны юу чадахгүй вэ
Хиймэл оюун ухаанд бусдыг ойлгох чадвар байдаггүй. Тэр хайр, энэрэл, нигүүлслийг илэрхийлж, эдгээр мэдрэмжтэй хоршиж үл чадна. Тэр бүтээж, стратегийн хувьд төлөвлөж чадахгүй. Ур чадвар эсвэл харааны нарийн зохицуулалт шаардсан хүнд хэцүү биеийн хүчний ажил хийхэд түүний хүчин мөхөстөнө. Тиймээс хиймэл оюун ухаан оюуны үйл ажиллагааны сэтгэл хөдлөлийн үр дүнг гаргах чадваргүй. Гэхдээ хүнтэй хамтран ажилласнаар хүнд бэрх бүтээлч төслийг боловсруулахад муугүй туслагч байж чадна.
Хиймэл оюун ухаантай өрсөлдөхийн тулд зөвхөн сэтгэл хөдлөлөө дамжуулах нь чухал бус. Сэтгэх, урлагийн шинэ трендийг урьдчилан харах чадвартай байх ёстой. Нарийн ширийн зүйлсийг мэддэг байх нь хиймэл оюун ухааны эсрэг өрсөлдөөнд ялах боломжийг олгоно. Интернэт бүх зүйлийг тэр бүр мэдэхгүй. Жишээ нь, хэрэв та хиймэл оюун ухаанаас “Гэрэл зураг дээр зохиогчийн эрхийн талаар ярь” гэж хүсвэл тэр танд буруу мэдээлэл өгнө. Учир нь www сүлжээнд энэ сэдвээр хангалттай мэдээлэл байхгүй.
Хамгийн гол нь авьяас билигтэй зохиолч хиймэл оюун ухаантай өрсөлдөх хэмжээнд өөрийгөө тавих ёсгүй. Хиймэл оюунтай өрсөлдөгчийн хувиар бус зүгээр л хэрэгслийн хувиар хамтрах зөв аргаа олох нь үүнээс чухал. Дээр нь хиймэл оюун ухааныг сургахад ашигласан бүтээлийг зохиогчдын эрхийг хүндэтгэх учиртай.
Хиймэл оюун ухаан: Болгоомжтой ашигла
Хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн ажлыг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Тодорхой нөхцөл байдалд ийм бүтээлүүд нь зохиогчийн эрхийг хэдийн зөрчсөн байх талтай. Ялангуяа эх бүтээл, хиймэл оюун ухааны бүтээсэн контент хооронд илт холбоо байгаа тохиолдолд.
Хиймэл оюун ухааны бүтээсэн контентыг зохицуулахад гарч буй цоорхой нь цаг хугацааны үзэгдэл. Хиймэл оюун ухааны өмнө нь байгаагүй контентыг бүтээж байгааг мартах учиргүй. Balenciaga өдөн хүрэмтэй Ромын Папыг бүгд л интернэтэд харсан.
Хиймэл оюун ухааныг хэрхэн аюулгүй ашиглах вэ
Хиймэл оюун ухаан шинийг бүтээдэггүй. Зөвхөн байгаа контент дээр ажилладаг. Хэн нэгний эрхийг зөрчихөөс хамгаалж, жинхэнэ бүтээлч бүтээл туурвихын тулд өөрийн мэддэг мэдээлэл дээр сургасан хиймэл оюун ухааны контентыг ашиглах хэрэгтэй гэж шинжээч зөвлөж байна. Хэрэв хиймэл оюун ухааныг зөвхөн шар үстэй эмэгтэйн гэрэл зураг дээр суурилан сургасан ба та “шаргал үст алим идэх байна” гэсэн даалгавар өгч, рекламд ашиглавал, зохиогчийн эрхийн асуудалд орох нь дамжиггүй. Учир нь бүсгүйн царай мэдээллийн санд байгаа бүсгүйн царайтай төстэй байх болно. Шаргал үст эмэгтэйчүүд олон ч гэрэл зурагчин бүр өөрийнхөө бүтээлийн онцлогийг танина. Ирээдүйд хиймэл оюун ухааныг сургасан мэдээллийн сангаа ил болгохыг үүрэгжүүлэх талтай. Ингэснээр зохиогч бүр бүтээлийг нь хууль бусаар ашигласан эсэхийг илрүүлэх боломжтой болно. Энэ тохиолдолд хиймэл оюун ухааны бүтээсэн контент тэр чигтээ хууль бус гэж тооцогдох юм.
Хиймэл оюун ухааны бүтээлийг хуульчлах анхны алхмуудыг хийж эхэлсэн байна.
Ашгийн төлөө бус
Хэрэв тухайн контентыг хууль бусаар ашигласан оюун бүтээл дээр суурилан бүтээсэн бол хиймэл оюуныг дурдалгүй өөрийн мэтээр ашиглах, тэр тусмаа ашиг олохгүй байхыг шинжээч зөвлөж байна. Гэхдээ эсрэг жишээ ч бас бий. Шуугин тарьсан “Portrait of Edmond de Belamy” хөрөг. Generative Adversarial Networks алгоритм XIV–XX зууны зураачдын 15 мянган бүтээл дээр үндэслэн зурсан зургийг “Christieʼs” дуудлага худалдаагаар 432500 ам.доллароор борлуулж байсан. Гэхдээ энэ тохиолдолд зохиогчийн эрхийнх нь хүчинтэй хугацаа дууссан бүтээлүүдийг ашигласан.
Дуурайх аюултай
Хиймэл оюун ухааны тусламжтай усны дусал шиг ижил контент бүтээхээс зайлсхийхийн тулд нэгэн онцгой арга хэрэглэх ёстой. Энэ тал дээр зураач Мередит Винг нэгэн сонирхолтой арга олсон байна. Тэрбээр цэцэг, навч, жимс зэрэг амьд ургамлын элементүүдийг өөрийнхөө зурагт ашигладаг. Эл жанрт “flower fashion” гэсэн нэр хүртэл зохиосон байна. Хиймэл оюун ухааны тусламжтай үүнтэй төстэй зураг зурхад зохиогчийн стилийг алдаа мадаггүй дуурайдаг байна. Хэрэв хиймэл оюун ухаан олон зохиогчийн асар олон тооны бүтээл дээр үндэслэн шинэ контент бүтээвэл ижил, төстэй байдлыг илрүүлэхэд хүндрэлтэй. Гэхдээ л олон сая нэхэмжлэлтэй тулгарах эрсдэл бий.
Өнөөдөр номыг хууль бусаар ашигласантай холбоотой шүүхийн нэхэмжлэл их бий. Өнгөрсөн зун стэндап комедиан, зохиолч Сара Силверман “OpenAI”, “Meta” компаниудыг АНУ-ын тойргийн шүүхэд өгсөн. Сара ChatGPT болон LLaMA алгоритмыг түүний бүтээл агуулсан, хууль бусаар цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн сургасан гэж тус хоёр компанийг буруутгажээ. Үүний сацуу найман мянган зохиолч тэдний бүтээлийг ашиглан хиймэл оюун ухааныг сургахыг зогсоохыг шаардсан. Шаардах бичигт зохиолчид уран бүтээл, хувь хүний туршлага хооронд нарийн холбоо бий гэж онцолжээ. Хэрэв машин эдгээр мэдээллийг “deep learning” зорилгоор ашиглаж байгаа бол зохиолчдод нөхөн төлбөр олгох ёстой гэж тэд шаарджээ.
Ирээдүйд хиймэл оюун ухааны тусламжтай туурвисан бүтээлүүд олноор гарч ирнэ. Үүний шалтгаан нь хүний оюун ухааныг хиймэл оюун ухаанаар сольж буйд бус. Харин сэтгэлгээний алгоритмыг өөрчилж, уран бүтээлийн үйл явцыг эрчимжүүлэх явдал. “Бие хүний төгсгөл: Гүн ухаантан хиймэл оюун ухааны ертөнцөд аялсан нь” номын зохиолч Кениг Гаспарын онцолсноор, асуудал хиймэл оюун ухаан ухамсартай эсэхэд бус харин хэн ухамсартай байх эрхтэй вэ гэдэгт оршиж байна. “Технологид зайлшгүй зүйл гэж үгүй. Энэ бол бидний “үнэний” тухай ойлголтод дасан зохицох ёстой хэрэгсэл юм”.
Сэтгэгдэл ( 1 )
дуу хөгжимийн зохиол, уран зураг, график зураг гээд л утгаа алдах юм байна лээ юуун жанцанноров,