Төсвийн төсөл боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэхийг шаардав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд танилцууллаа. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг дурдсан.

Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх, улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх, “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатайг онцоллоо. 

Түүнчлэн барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top