Тогтворжуулалтын сангийн мөнгөөр төсвийн алдагдал нөхөөд, жил бүр  0 үлдэгдэлтэй гардаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд 2024 оны төсвийн төсөлд, багийн төвийн барилгын болоод сумдын Засаг даргын тамгын газрын барилгын ажлын төсөв яагаад их зөрүүтэй байгааг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Сангийн сайд хариултдаа, Төсвийн ерөнхийлөн захирагчдаас бүх шаардлагыг хангасан гэж дүгнээд оруулж ирсэн төслүүдийг Сангийн яамны системээр дамжуулан төсөлд тусгасныг дурдаад, тэдгээр төсөл арга хэмжээнүүдэд магадлал хийсний дараа байгаль орчны үнэлгээ хийгдэж, дэд бүтцийг нь хаанаас татах, барилгыг хааш нь харуулж барихаас эхлээд зарцуулах төсвүүд нь өөр өөр болж ирдэг гэсэн тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн 2024 онд Тогтворжуулалтын санд 513.7 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 1.4 их наяд төгрөг хуримтлуулахаар төсвийн төсөлд тусгасан байна. Эдгээр сангийн үлдэгдэл бий юу, сангуудын үлдэгдлийн тодорхой хэсгүүдийг санхүүгийн зах зээлд байршуулах, арвижуулах ямар арга хэмжээ авч байгаа вэ хэмээн асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Бид энэ асуудалд хатуу зарчимтай байх ёстой. Арвижуулах гээд алдчихдаг. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкнуудад байршуулаад алдсан. Найдвартай эсэхийг нь нягтлалгүйгээр өндөр хүү амалсан банканд хийдэг. Өндөр хүү амлахын цаана том эрсдэл байдаг. Цаашдаа бид ингэж явж болохгүй. Тийм учраас хамгийн найдвартай газраа хадгалах ёстой. Найдвартай хадгалаад цаашдаа өгөөж хайж болох юм гэдэг зарчмаар явна. Тийм учраас Төрийн сан дээр хөрөнгө бүрэн хадгалагдаж байгаа. Ирээдүйн өв сангийн одоогийн үлдэгдэл 2.7 их наяд, ирэх жил 3.4 их наядаас дээш болно гэж тооцсон. Тогтворжуулалтын сан жил бүр 0 болдог. Манайх уул уурхайгаас Тогтворжуулалтын санд орсон мөнгөөр тухайн жилийнхээ төсвийн алдагдлыг нөхөөд 0 үлдэгдэлтэй гардаг гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top