Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Д.Батлут гишүүн, 2024 онд манай улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байх, төсөв тасрах нөхцөл байдал үүсэх, эсэх, 3-4 жилийн өмнөөс төлөвлөгдөж төсөвт суусан хөрөнгө оруулалтын ажлууд анх төсөвлөсөн зардлаасаа даруй 10-13 дахин өндөр үнээр дахин үнэлгээ хийлгэж орж ирсэн нь ямар учиртай болох, 2020 онд эхэлсэн Орхон аймгийн гуравдугаар сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих ажил 2024 онд дуусах эсэх талаар асуусан юм.
Үүнд Сангийн сайд С.Жавхлан хариулахдаа, уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ихээхэн савлагаатай, тогтворгүй тул эрсдэлд орохыг үгүйсгэхгүй гээд, төсвийн орлогыг төлөвлөхдөө зах зээлийн болон тэнцвэржүүлсэн үнийг аль багаар нь тооцдог талаар тайлбарласан юм. Тухайлбал, зах зээл дээр дээр 9000 ам.долларын үнэтэй байгаа зэсийн хувьд тэнвэржүүлсэн үнээр нь буюу 7386 ам.доллар тооцсон бол зах зээлийн дээр 140 ам.доллар, харин тэнцвэржүүлсэн үнэ нь 182 ам.доллар байгаа нүүрсний орлогыг зах зээлийн үнээр нь тооцсон байна. Анхны үнээсээ олон дахин өндрөөр тооцогдон орж ирж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг аудитын байгууллагаар дахин магадлуулж байгаагаа Сангийн сайд ярив.
Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, нэмэлт гэрээг салбарын яамд нь хариуцдаг хэмээн тайлбарлаад, магадлан хийж байгаа асуудал дээр анхаарах хэрэгтэй, энд маш том хуйвалдаан явж байдаг, хуулиараа хариуцлага тооцох тодорхой заалт байхгүй байгаа хэмээн хариулав.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат, барилгын материалын үнэ КОВИД19 цар тахлын нөлөөгөөр 70-80 хувиар өссөн, үүнд импортын материалуудын үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэсэн юм.
Түүний ярьснаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгатай 34 барилга обьектын ажлын төсөвт өртгийг магадлахад гарч ирж байгаа нэмэлт ажлуудаасаа шалтгаалаад 500 саяас 1.0 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэхээр байгаа ажээ. Улсын Их Хурлын 2022 оны 72 дугаар тогтоолын дагуу аудитын байгууллага энэхүү төсөвт өртгийн асуудлаар томоохон аудит хийж байгаа тухай Ерөнхий аудитор Д.Занданбат мэдээлж, энэ ажлын дүгнэлт ирэх сард гарна, үүгээр олон зүйл тодорхой болно гэсэн юм.
Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал н.Энхболд, Сангийн яам болон холбогдох байгууллагаас 480 төсөл, арга хэмжээний магадлангийн талаар дүгнэлт гаргуулахаар санал ирүүлсний 283-ыг хянаад байгаа бөгөөд эдгээрийн төлөвлөсөн зардлын дүнг нийтдээ 78 тэрбум төгрөгөөр бууруулж дүгнэсэн гэлээ.
Орхон аймгийн гуравдугаар сургуулийн барилгын ажлыг “Уранхангай групп” ХХК 2022 онд 8,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхэлсэн байна. Нэмж, 2023 онд 8,9 тэрбум төгрөг тусгасан бол 2024 онд 3,1 тэрбум төгрөг, 2025 онд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцжээ. Одоогийн байдлаар сургуулийн барилгын гүйцэтгэлийн ажил 5.9 хувьтай яваа аж.
Сэтгэгдэл ( 0 )