2024 оны ТӨСВИЙН ТӨСӨЛ | Орон нутгийн бизнесийг дэмжиж, 14.4 тэрбум төгрөг тусгажээ

2023 оны 11 сарын 01

Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэж, батлахад 14 хоногийн хугацаа үлдээд байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн бодлогоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур бүрэлдэхүүн болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн зорилтод тусгасан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх арга хэмжээг авахад зорьж байгаа.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын бүсүүдийг байгуулах бодлогыг орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийг орон сууцжуулах, орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллаж, амьдрах боломжоор хангах, Орон нутагт бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх гэсэн дөрвөн чиглэлээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.

Үүнээс Орон нутагт бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр 2024 оны Улсын төсвийн төсөлд 14.4 тэрбум төгрөг тусгасжээ.

-Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь Улаанбаатараас 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлж байна.

-Баганнуур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэлийн хотын хилийн цэсээс гадна үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь үйл ажиллагааг явуулж байгаа тухайн орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр  ажиллуулсан бол тухайн хуулийн хугацаанд хамаарах цалингийн зардлын 20 хувиар нэмэгдүүлэх албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцож байна.

-Нийслэлд байрлалтай үйлдвэр, эсвэл агуулахаа Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэлийн хилийн цэсээс нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гаргасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж татварын дэмжлэг хэрэгжиж байна.

-Орон нутагт бизнес эрхлэгчийг дэмжиж төвлөрлийг сааруулж, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул цахилгаан эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлж байна.

-“Хот хөдөөгийн сэргэлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн болно. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуй нэгж нь үйл ажиллагаагаа Улаанбаатар хотоос орон нутагт шилжүүлэн тухайн орон нутагт таваас доошгүй ажлын байр бий болгосон байх шаардлагатай ба 500 хүртэл сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаанд 1 хувийн хүүтэйгээр авах боломжтой. Тус арга хэмжээний хүрээнд 2024 оны төсвийн төсөлд 14.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top