“Хүүхдийн дуу”-гаар овоглогдсон “Л.Галмандах 70” эрдэм шинжилгээний хурал боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

Хөгжмийн зохиолч Л.Галмандахын 70 насны ойн цуврал ажлын хүрээнд “Л.Галмандах 70” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.11.01/ зохион байгууллаа. 

Хүүхэд багачуудын соёл хүмүүжилд урлагийн боловсрол чухал, тэр дундаа хүүхдийн насны онцлогт тохирсон үг, аялгуу бүхий хүүхдийн дуу томоохон байр суурийг эзэлдэг.  Шинэ зуун гарснаар хүүхдийн дууны уран бүтээлчид,  дууны уран бүтээлүүд ховордсон нь тулгамдаж буй асуудлуудын нэг юм.  Монголын хүүхдийн дууны урын санд  хөгжмийн зохиолч  Л.Галмандахын уран бүтээлүүд “жин дарж”, дууг нь  дуулаагүй Монгол хүүхэд  үгүй билээ. Л.Галмандахын уран бүтээлийг судлах нь  Монголын хүүхдийн дууны хөгжлийн түүхийг судлаж буйтай агаар нэг юм.   

Эрдэм шинжилгээний  хуралд хөгжим судлаачид болон зочин илтгэгчид Л.Галмандахын уран бүтээлд хийсэн судлагаа, шинжилгээний бүтээлүүдээрээ оролцов. Түүнчлэн нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын дунд зарласан илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлүүдийг танилцуулсан юм.

Хөгжмийн зохиолч Л.Галмандах сангаас  Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын аяыг нь туурвисан 500 гаруй хүүхдийн дуунаас дээжлэн  “Бага насаа би хайрлаж явна”, “Хэрвээ би шидтэн бол”, “Үерхэл чамайгаа нандигнана” зэрэг  шилдэг  дууны түүвэр,  “Дэлдэн чихэр”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхдийн дууны цомог хэвлэн хүүхэд багачуудад түгээгээд байна.   

Хөгжмийн зохиолч Л.Галмандахын 70 насны ойн  хүрээнд хүүхдийн  дууны хичээлийн цуврал контент бүтээх, хүүхдийн дуунуудыг клипжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлууд хийгдсэн. Мөн Л.Галмандахын хүүхдийн дууны Улсын анхдугаар уралдааныг  зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.179.192) 2023 оны 11 сарын 01

amid baidgiin boluu

0  |  0
Top