УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Их хурал, Байнгын хороодоор ирэх оны төсвийн төслийг ид хэлэлцэж байна. ХҮН намын дарга, УИХ-ын гишүүний хувиар ирэх оны төсвийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ирэх оны төсөв бол маш их тэлсэн, сонгуулийн төсөв. Үе, үеийн сонгуулийн төсөв ийм л байдаг. Цар тахлын өмнө Монгол Улсын төсөв 13.4 их наяд төгрөг байсан. Ковидын үеэр би тухайн үеийн Сангийн сайдад төсвөө хэтэрхий их тэлээд байна, алдагдал чинь өсөөд байна гэж хэлж байсан. Гэтэл өөдөөс дэлхий даяараа хүнд нөхцөл байдалтай байгаа учраас үүнээс өөр арга байхгүй. Ковидын дараа бид буцаагаад хэвийн байдалд нь оруулна гэсэн. Одоо чинь цар тахал дуусчихаад байхад 27.1 их наяд төгрөг болоод хоёр дахин нэмэгдчихээд байна. Ингээд тэлчихсэн төсөв чинь ямар үр дагавартай юм бэ гэхээр нэгдүгээрт, хувийн хэвшил ажиллах ямар ч боломжгүй болно. Төсөв тэлчихээр мөнгөний бодлогод орон зай байхгүй болдог. Өнөөдөр Монгол төдийгүй дэлхий даяараа өндөр инфляцтай байгаа. Дэлхийн эдийн засгийн хамгийн чухал асуудал нь өөрөө энэ.
Харин инфляцаа хязгаарлах арга нь төсвөө хянах, багасгах байдаг. Хэрэв төсвөө багасгахгүй бол мөнгөний бодлогоо чангаруулах буюу бодлогын хүүгээ өсгөдөг.
Өнөөдөр манай улсын нөхцөл байдал болохоор төсөв нь 27.1 их наяд болоод тэлээд ороод ирэхээр мөнгөний бодлого нь чангарна, зээлийн хүүгээ өсгөнө. Ийм нөхцөлд банкууд жилийн 20-иос доошгүй хувиар зээл олгоно. Ийм хүүтэй зээл аваад бизнес хийх ямар ч боломжгүй. Шууд дампуурна. Маш богино хугацааны, худалдааны үр ашигтай зээл авахаас өөр арга байхгүй. Бизнес хийхээ болихоороо хүмүүс төрийн худалдан авалт руу ордог юм. Төсөв дээр л мөнгө байна. Найдвартай нь дээр гэж үздэг. Ингээд төрөөс хамааралтай бизнесүүд бий болдог. Үр дүнд нь авлигал, хээл хахуул гаарна. “Цавчаа ногоон” чинь хэд дахин их үнээр нийлүүлсэн шүү дээ. Ийм байдал бий болоод байхаар хувийн хэвшлийн эдийн засаг дахь оролцоог улам бүр хязгаарлаад төрийн оролцоог тэлээд байгаа юм. Сүүлийн 10-аад жилд нийт эдийн засгийн 35-40 хувь нь төсөв болчихсон. Төрийн өмчийн компаниудын эдийн засаг дахь оролцоо нь 20 хувиас дээш. Нийтдээ 60 хувь нь төр болчихоод байгаа юм. Үүн дээр төрийн өмчит компаниудын далд эдийн засаг буюу авлига, мөнгө угаалт зэргийг нэмэхээр Монгол Улсын эдийн засгийн 70-80 хувь нь төр болчихоод байна. Цаана нь үлдэж байгаа 20-30 хувийг нь л хувийн хэвшил хамаарч байгаа. Харин цаашаа үргэлжлүүлээд энэ үлдсэнийг нь төр өөрөө шийддэг болчих юм бол 100 хувь төвлөрсөн төлөвлөгөөтэй, төр хамгийн том ажил олгогч, бизнес эрхлэгч, шилдэг татвар төлөгч, худалдан авагч болно. Зах зээлийн эдийн засаг байхгүй бол ардчилал байхгүй шүү дээ. Цаашаа тусгаар улс чинь яах билээ. Үүгээрээ маш их хор уршигтай. Энэ жилийн төсөв агуулгаараа том төслүүдээ хэрэгжүүлнэ гээд байгаа юм. Харин дандаа л ингэж төсвийн санхүүжилт хийгээд яваад байх юм бол төрийн эдийн засаг дахь оролцоог л өсгөөд байна гэсэн үг. Иргэд чинь төрөөс мөнгө нэхдэг, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэм гэдэг. Компаниуд нь талбай дээр жагсдаг байдлыг бий болгоно.
-Эрх баригчдын зүгээс ирэх жилийн төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнд байгаа. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн учраас төсөв ч нэмэгдсэн гэсэн тайлбарыг хэлж байна шүү дээ?
-Сонгууль болох гэж байгаа учраас Засгийн газар чинь бүх зүйл болж, бүтэж байна. Эдийн засаг сэргэж байна, жаргаана, бүтээнэ л гэж ярина шүү дээ. Тэгвэл мэргэжлийн эдийн засагч нартай ярилцаад үз л дээ. Би өнөөдөр Хүн намын дарга, УИХ-ын гишүүн улстөрчийн үүднээс ярихгүй байна. Цэвэр эдийн засагч хүний хувиар төсвийг аль болох задалж, энгийн байдлаар иргэдэд ойлголт өгөх үүднээс хичээдэг. Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр ч ийм л байдлаар асуудалд ханддаг. Яагаад гэхээр Их хурлын гишүүд илүү мэргэжлийн популизмын араас хөөцөлддөггүй, асуудалд бодитой ханддаг байгаасай гэж боддог. Энэ жилийн төсөв маш их өндөр зардалтай. Үүнийгээ дагуулаад өндөр орлого тавьчихсан. Энэ бол хөөс.
-Ирэх жил 60 сая тонн нүүрс гаргана гэж байгаа?
-Ийм хэмжээний нүүрс гаргах боломж байхгүй. Худалдан авагч нь ганцхан Хятад шүү дээ. Цаашаа дамжуулаад Япон, Солонгос, Энэтхэг рүү гаргана гэдэг үлгэрээ болих хэрэгтэй. Яагаад гэхээр тээврийн зардал нь өндөр. Харин худалдан авагч ганц улс болох Хятадаа судлаад үзэхээр жилд 80 сая тонн коксжих нүүрс импортоор авч хэрэглэдэг. Түүнийх нь 50 гаруй саяыг нь манайх нийлүүллээ гээд л баярлаад байна. Шалтгаан нь энэ хугацаанд Хятад улс манай хамгийн том өрсөлдөгч болох Австралиас нүүрс аваагүй. Энэ зүйл ямар хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Хятад, АНУ-тай гар бариад “Худалдааны дайн”-аа зогсоочих юм бол Австралийн нүүрсийг авна шүү дээ. Дээрээс нь Австралиас илүү том өрсөлдөгч гарч ирсэн нь ОХУ. Манайхаас хэд дахин их нүүрстэй, биднийг 10 жил төмөр замын хэрүүл хийж байх хооронд хос төмөр замаа Монголыг тойруулаад тавьчихсан. Ийм болохоор нүүрсний зах зээл дээр ОХУ манай хамгийн том өрсөлдөгч. Ирэх жилээс Хятадын импорт өсөөд 100 сая тонн болно гэж яаж төсөөлөөд байгаа юм. Би л лав Хятадын болон олон улсын хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагуудаас ийм өндөр эрэлттэй байна гэсэн тоо олж харахгүй байгаа. Тус улсын эдийн засаг өнөөдөр саарч байгаа шүү дээ. Хоёрдугаарт, үл хөдлөхийн салбар нь уналтад орчихсон. Үл хөдлөхийн хөөс нь хагараад 20-30 хувиар унаад өмнөх шигээ орлого олдог үе нь байхгүй болсон. Ийм байгаа үед эрэлт өсөх үү. Дээрээс нь бүс нутаг чинь дайн байлдааны нөхцөлд шилжээд байна. Ингэхээр эдийн засгийн эрэлт өсдөггүй. Дайны дараах бүтээн байгуулалт дээр л өсдөг байхгүй юу. Ийм болохоор уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэдэгт эргэлзэж байна. Харин дайны үед ганцхан алтны үнэ л өсдөг. Эдийн засаг хямарсан, дайн байлдаантай үед хүмүүс алт л худалдаж авдаг. Энэ агуулгаараа нүүрсний экспортыг өсгөнө гэж өндөр төсөөлж оруулж ирсэн нь бүтэхгүй. Мэргэжилтнүүдтай ярилцаж байхад 60 сая тонныг гаргах дотоодын нөөц бололцоо байгаа гэж байна лээ. Харамсалтай нь цаад тал нь авах уу гэдэг л асуудал. Ийм эдийн засгийн үндэслэл нь харагдахгүй байна.
-Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, түгжрэлийг арилгаж, метро барина гээд хуулийн төсөл нэн яаралтай горимоор оруулж ирсэн. Сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намд маш олон мэргэжилтэн бий. Тэр дундаа хотын чиглэлийн, олон улсад ажиллаж, сурч байсан туршлагатай инженерүүд, төлөвлөгч нар байдаг. Тэднээс өгсөн мэдээллээр хот бол өөрийн гэсэн хөгжлийн тов тодорхой бодлого, зарчимтай байх ёстой. Үүн дээрээ үндэслээд хэрэгжүүлэх төлөвлөгөө нь гарч ирээд, хуулийн зохицуулалт нь ямар байх ёстой юм бэ гээд явах ёстой. Гэтэл өнөөдөр эхлээд энэ хуулийг өөрчилье, үүнийхээ дараа хөгжлийн бодлогоо гаргая гэсэн байдлаар оруулж ирж байгаа нь буруу зүйл. Өөрөөр хэлбэл, хуульч хүн оччихсон, чаддаг юм аа хийж байна. Хуулиа л засъя гээд байгаа.
-Хотын шинэ дарга тэгэхээр мэддэг, чаддаг зүйлээ л хийж байна гэж үү?
-Хоёр удаа Их хуралд сонгогдсон. Хуулийн сайд байсан учраас эхлээд хуулийн хүрээнд нь зохицуулаад үзье гэсэн байдлаар хандаж байх шиг байна л даа. Гэтэл хотын чиглэлийн мэргэжилтнүүд эхлээд яаж хөгжүүлэх гээд байгаа юм гэсэн бодлого тодорхой байх хэрэгтэй гэдэг. Улаанбаатар хотыг тэлэх юм уу, төвлөрсөн байдлаар хөгжүүлэх үү, нийтийн тээврээ яаж хөгжүүлэх юм. Метро барих юм уу, масс тээврээ яаж харах юм гээд олон чиглэлээр төсөөллүүдээ гаргаад, ярилцаад, мэргэжилтнүүдээс санал авах хэрэгтэй. Үүнийхээ дараа хуулийн ямар зохицуулалт хийх вэ гэдгээ оруулж ирэх дараалалтай байх ёстой юм. Гэтэл шууд хууль, хууль гээд бариад ирэхээр мэргэжилтнүүд ойлгохгүй байна. Яг ямар бодлогоор хотыг хөгжүүлэх гээд байгаа нь тодорхойгүй. Нэг засаг дарга нь гарч ирээд метро барина гэдэг. Нөгөө хэд нь шүүмжлээд, эдийн засгийн үр ашиг нь юу юм гээд болохгүй болчихдог. Одоо ингээд сонгууль дөхсөн чинь ер нь зөв байжээ гээд л эхэлдэг. Тэгээд яг ямар өртгөөр хэзээ барих юм гэхээр тэрийгээ тодорхой хэлдэггүй. Иргэдэд таалагдсан, алга ташуулах гэсэн хөгийн популизмаар хот цаашаа хөгжихгүй.
-Ирэх оны сонгуульд зориулсан байдлаар ажиллаж байна. Хэл ам дагуулсан ногоон автобусны асуудлаа бүрэн шийдээгүй байж дахиад шинээр автобус оруулж ирнэ гэж байгаа нь өнөөх л төсвийн үрэлгэн байдлыг бий болгож байна гэдэг шүүмжлэл гарч байна?
-Ийм асуудал үнэхээр байна. “Цавчаа ногоон” бол нийтэд маш их бухимдал үүсгэсэн асуудал. Зөрүүлээд улаан, шар автобусны хэрэг гээд гараад ирж байна. Манай энэ хоёр нам чинь 30 гаруй жил засаглалаа. Бие биеэ шантаажлах, барьцаалах байдлаар үр дүнд нь хэн ч хариуцлага хүлээдэггүй хөгийн байдал бий болгоод байгааг би шүүмжилдэг. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудал байна. Үүнийг би хоёр сар ярьж, санаачилж, шахаж байж “Нээлттэй сонсгол”-ыг хийсэн. Хэрвээ парламентад гуравдагч нам байгаагүй бол хэзээ ч сонсгол хийгдэхгүй. Бодит байдал нь л энэ. Бүтэн жил сууж, нийтдээ 3.5-5 сая гүйлгээг шалгаж, маш олон хөндлөнгийн шинжээчид ажиллаж байж, нотлох баримтын хүрээнд “Хяналтын сонсгол” хийсэн. Гэтэл одоо хариуцлага хүлээсэн нь хаана байгаа юм. Энэ хоёр нам чинь бие, бие рүүгээ дайрсаар байгаад үр дүнд нь Хөгжлийн банкны тав, зургаахан дунд шатны захирал л ял аваад явлаа. Дараа нь 40 их наядын “Нүүрсний хулгай” гэдгийг гаргаж ирсэн. “Нүүрсний сонгол” хийе гэдгийг би дахиад л санаачилсан. Маш олон хулгайг парламентад суудалтай гуравдагч намын хувьд гаргаж ирж байна. Харамсалтай нь хулгайгаараа биесээ шантаажилж, барьцаалаад өнгөрдөг. Үр дүнд нь хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нийслэлийн өмнөх худалдан авалт нь шийдэгдээгүй байхад дахиад л худалдан авалт гээд өмнөхөө баллуурдаад байж болохгүй. Нэг асуудлаа цэглээд, хаагаад явмаар байна. Ийм болохоор “Цавчаа ногоон”-ы асуудал дээр ХҮН нам дуустал нь явна. Манай нийслэл дэх төлөөлөгч нар анх үүнийг гаргаж ирээд, нийтэд ойлгуулсан, ярьсан. Одоо Солонгосын хууль, хүчний байгууллагуудыг шахаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өчигдөр/уржигдар/ л гэхэд тэнд манай “Цавчаа ногоон”-ы талаар мэдээлэл гарч, хамгийн их уншилттай мэдээ болсон. Гэтэл энд болохоор энэ сэдвийг аль болох дарах, мартуулах процесс явж байна. Энэ бол яагаад их хэмжээний төсөв байж болохгүй юм бэ гэдгийг тодорхой жишээ. Хулгай болчихоод байна. Улаанбаатар хотын том, том төслүүдийг яриад л байдаг ч хэрэгждэггүй. Нэгдүгээрт, энэ чинь хайран мөнгө. Хоёрдугаарт, авлига чинь дуусахгүй. Тийм болохоор хүмүүс алга ташихаар гоё юм ярихаас илүүтэй өөрийнхөө төсөв хөрөнгөдөө таарсан ажлуудыг яаралтай барьж аваад ажиллах нь хотын даргын ажил.
-“Нүүрсний сонсгол” зохион байгуулах ажил юу болсон бэ. Энэ сонсголыг зохион байгуулж, идсэн уусныг нь гаргаж ирж чадах юм уу?
-“Нүүрсний сонсгол”-ыг бид ирэх 12 дугаар сард хоёр үе шаттай хийнэ. Яагаад гэхээр нотлох баримтын хүрээнд хийж таарна. Энэ чинь бэлтгэл ажил нэлээд шаарддаг. Нээлттэй байдлаар сонсголыг хийж, энэ ондоо багтаах нь зүйтэй. Маш их хүлээлт үүсгэсэн, Монголын түүхэнд хамгийн том, авлигын асуудал шүү дээ.
-Хөгжлийн банкны асуудлаас хэд дахин том биз дээ?
-Хөгжлийн банкны асуудал хоёр их наяд төгрөг. Гэтэл “Нүүрсний хулгай” нийтдээ 40 их наяд, үүн ногдох дор хаяж 10 их наядын цавчааны асуудал байгаа. энэ бол маш том тоо. Үүнийгээ бид эцэслэх ёстой. Шийдвэр гаргасан бүх л дарга нарыг байлцуулж байгаад ярилцана. Ганц асуудал байгаа нь шүүх, прокуорын байгууллага дээр очихоороо дарагдаад, хэрэгсэхгүй болчихоод байна. Энэ асуудал үнэхээр шүдний өвчин болчихоод байгаа. Тэгэхээр бие даасан, хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бид яаралтай хийж, энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг бэлдэж, чадавхжуулах ёстой. Ингэхгүй бол энд хэчнээн шийдвэр гарлаа ч тэнд очоод замхраад байхаар иргэдийн төрдөө, хуулийн байгууллагад итгэх итгэл унах аюултай. Үр дүнд нь бид ардчилсан улс байхаа больчихно шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
МАН дахин сонгуульд ялах хэрэгтэй шүү
их сайн найздаа хэлэхгүй юу