Сонсголгүй эмэгтэйчүүд “Асрахуйн эдийн засаг дахь сонсголгүй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр” сэдвээр үндэсний хэмжээнд чуулна.
Сүүлийн жилүүдэд Асрахуй ба түүнийг даган гарч буй эдийн засгийн асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж ирсэн.
Монгол Улсад сонсголгүй эмэгтэйчүүд гэр бүл болон нийгмийн орчинд өөрсдийн боломжийн хэрээр идэвхтэй ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх болон сургуулийн насны боловсрол олгох байгууллагуудад багш, эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч, асрагч зэрэг асрахуйн цалин хөлстэй шууд хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ нийтийн болон хувийн байгууллагуудад захиргааны ажилтан, үйлчлэгч, цэвэрлэгч, тогооч, угаагч зэрэг шууд бус асрахуйн хөдөлмөр эрхэлдэг байна.
Асрахуйн эдийн засаг гэдэг ойлголт дэмжлэг туслалцаа хэрэгтэй хүмүүст шууд үзүүлж буй асаргаа, халамжийн үйл ажиллагааг хөлстэй болон хөлсгүйгээр гүйцэтгэж буй төрөл бүрийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг илэрхийлнэ. Тэдгээрт хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай болон өвчтэй хүмүүст үзүүлж буй үйлчилгээ багтана.
Мөн түүнчлэн “Асрахуй” гэдэг ойлголтод хүмүүс өөрсдөө ур чадвараа бүрэн дайчлан, тухтай, аюулгүй орчинд ажиллахын тулд өөрөө өөрийгөө халамжлах, асрах ойлголт ч байдаг юм байна. Энэ талаарх ойлголтыг нэгтгэх, хамтын хүчээр асуудлыг ярилцан шийдвэрлэхээр Азийн сан болоод бусад хамтрагч байгууллагууд асрахуйн эдийн засгийн асуудлаар чиглэл болох “Ази, Номхон далайн орнууд дахь асрахуйн даацтай экосистемийн төлөө” чиг шугамыг 2022 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Балигийн Асрахуйн эдийн засгийн чуулганы дараа боловсруулан гаргасан байна.
Тус чиг шугамын баримт бичгийг татах холбоос: энд дарна уу
2023 оны тавдугаар сард МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь “Асрахуйн эдийн засаг” сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн Нүдээр” Үндэсний 14 дэх удаагийн чуулганыг зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг дээшлүүлэх хөдөлгөөний нэгэн томоохон алхам болсон билээ.
Энэхүү хөдөлгөөний иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох Сонсголгүй Иргэдийн Соёлын Төв ТББ нь сонсголгүй эмэгтэйчүүдийн дунд Асрахуйн хөдөлмөр ба түүнийг дагалдан гарах эдийн засгийн ойлголтыг түгээх, мөн түүнчлэн хөдөлмөр эрхэлж буй, гэртээ хүүхдээ асарч буй сонсголгүй эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашид бодлогын нөлөө хийхээр энэхүү “Асрахуйн эдийн засаг дахь сонсголгүй эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр” сэдэвт сонсголгүй эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг Дархан-Уул аймгийн Дархан-найрамдал сонсголгүй иргэдийн холбоотой хамтран 2023 оны 11 сарын 08-10-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна.
Тус чуулганыг Монгол дахь Азийн сан, мөн Азийн эмэгтэйчүүдийн сан, Монфемнет үндэсний сүлжээ, Монголын эмэгтэйчүүдийн сан зэрэг байгууллагууд голлон дэмжин ажиллаж буй юм.
Улаанбаатар хот дахь чуулган 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр 09:00-12:00 цагийн хооронд Пума империал зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж, хот хөдөөгийн 60 төлөөлөгч оролцох ба төлөөлөгчдийн зарим нь Өвөрхангай, Ховд, Баян-өлгий, Хөвсгөл, Дорноговь, Увс, Архангай, Дархан-Уул зэрэг хөдөө орон нутгаас сонгогдон оролцоно. Орон нутгийн төлөөлөгчдийг тус чуулганд оролцуулах ажилд Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар туслан, орон нутгийн эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэж байна.
Сэтгэгдэл ( 0 )